Үзмэрийн нэр: Гэрэл тавигчид

Бүтээлч: С.Жамц

Огноо: 1964 он

Хэмжээ: урт-200 см, өргөн-125 см

Материал: Холст, тосон будаг

Энэхүү үзмэрт өргүүр дээр зогсож буй хоёр залуу 120 мянгатын авто машины замын гэрэлтүүлгэнд гэрэл тавьж буйг дүрсэлсэн. Зургийн цаад хэсэгт Богд хааны өвлийн ордон, наана нь үйлдвэр комбинат руу эргэх замын уулзвар, бэлэг дурсгалын гол дэлгүүр баригдаж буйг дүрсэлжээ.
Нийслэл хотын гэрэлтүүлгийн түүх ХХ зууны эхнээс эхтэй. 1909 онд Ар Монголын хүрээнд суух амбан сайдаар томилогдсон Сандо нь хүрээнд ирснийхээ дараа гудамжинд бие засахыг хориглож, анхны нийтийн бие засах газрыг байгуулж, мөн шөнөдөө гудамжуудад хятад дэнлүү өлгөж гэрэлтүүлж эхэлсэн нь нийслэл хотын гудамжны гэрэлтүүлгийн анхдагч үйл явдал юм. Харин БНМАУ-ын үед 1940 онд нийслэл хотын төв гудамжинд маршал Чойбалсангийн орон сууцны өмнөөс Зөвлөлт Холбоот улсын элчин сайдын яамны барилга хүртэл шөнийн цагт гэрэлтүүлэх цахилгаан гэрлийн шугамыг тавьж Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн түүх эхэлсэн байна.

Related Works