Шинэ хороолол

Үзмэрийн нэр: Шинэ хороолол

Бүтээлч: Ү.Жаргал

Огноо: 1984 он

Хэмжээ: урт-100 см, өргөн-60 см

Материал: Холст, тос

Одоогийн 3, 4-р хорооллын баруун урд талын дэнжийн урд ирмэг дээгүүр 1960-аад оны үед гаднаа шаттай хоёр давхар цагаан байшингууд эгнэн түүний араар хашаатай айлууд байсныг 500 айлын дэнж хэмээн нэрлэдэг байв. 1974 оны 11-р сарын 26-нд МАХН байгуулагдсаны 50 жилийн ойн баярт оролцохоор ЗХУКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Ильич Брежнев БНМАУ-д айлчлан ирсэн бөгөөд, уг айлчлалынхаа дүнд 3, 4-р хорооллыг монголын ард түмэнд бэлэг болгон өгсөн байна. Эдгээр барилгууд нь ЗХУ-ын угсармал барилгын үйлдвэрийн бэлдцээр баригдсан бөгөөд 1976-1984 оны хооронд баригдан ашиглалтанд оржээ. 3, 4-р хорооллыг “Брежневийн бэлгийн цэнхрүүд” хэмээн нэрлэдэг билээ. Эдгээр барилгууд нийслэлийн хүн амыг орон сууцаар хангахад жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Узурганд тасганы овоон дээрээс Гандангийн дэнж, Гандантэгчилэн хийд болон шинээр баригдаж дуусаж буй 3, 4-р хорооллыг дүрслэн зуржээ. Мөн энэхүү зургийн наад талд гандангийн дэнж, цаад талд шинээр барьж байгуулсан 3, 4-р хорооллыг дүрсэлсэн нь цаг хугацаа, хөгжил дэвшлийн 2 үеийг харьцуулсан мэтээр дүрсэлжээ.

12-р хороолол

Үзмэрийн нэр: 12-р хороолол

Бүтээлч: С.Рэнцэн

Бүтээсэн он: 1973 он

Хэмжээ: Урт: 150см, Өргөн: 80см

Материал: Даавуу, гуаш

Уг зурганд 12-р хорооллыг дүрслэн харуулсан бөгөөд Улаанбаатар хотыг хөгжүүлэх хоёдугаар ерөнхий төлөвлөгөөний дагуу 1961-1976 оны хооронд нийслэл хотод хэд хэдэн орон сууцны хороолол барьж ашиглалтанд оруулсны нэг нь 12-р хороолол байв. Тус хороолол 1964 онд баригдаж эхэлжээ. 1968 онд тус хороололд “Сансар” нэртэй 14 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай худалдаа үйлчилгээний төвийг нээснээс үүдэн тус хорооллыг “Сансар” нэрээр нь илүү олон хүн мэддэг билээ. Мөн энэхүү хороолол нь Улаанбаатар хотын анхны цахилгаан шаттай хороолол юм. 12-р хороолол нь Улаанбаатар хотын хүн амыг орон сууцаар хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Субботник

Үзмэрийн нэр: Субботник

Бүтээлч: Л.Бавуудорж

Огноо: 1979 он

Хэмжээ: Өндөр 100 см, өргөн 80 см

Материал: Холст, тос

1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор жанжин Д.Сүхбаатарын морьт хөшөөг Улаанбаатар хотын төв цэгт барихаар болсон бөгөөд үүний урьд барих газарт бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, талбайг тэгшлэхээр болсон байна. МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан “Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтыг шинэчлэх төлөвлөгөө” тогтоолоор 1946 оны 6-р сарын 15-ны өдөр бүх нийтийн субботникийг хийсэн бөгөөд субботникд маршал Х. Чойбалсан, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нар үлгэр дууриалал болон оролцож, энх цагийн бүтээн байгуулалт, Улаанбаатар хотын хөгжил дэвшилд хүн бүхний оролцоо чухлыг харуулсан юм. Энэхүү субботникоор гурван цагийн дотор 6000 шоо метр шороо зөөж Сүхбаатарын талбайг тэгшилжээ.
Энэхүү зурганд бүх нийтийн их цэвэрлэгээнд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар хөдөлмөрчдийн хамт оролцож байгааг уран дүрслэлийн маягтай харуулан зуржээ. Субботник хийж байгаа хүмүүсийн үйл хөдлөл, дүр төрхийг олон янзаар гаргаж, алслалтаар тэдгээрийг дүрсэлжээ. Мөн зургийн баруун гар талын дээд буланд улаан даавуу хийсгэсэн нь хувьсгал, социализмын өнгө аяс оруулсан байна.

Түр засгийн газар

Үзмэрийн нэр: Түр засгийн газар

Бүтээлч: В.Пүрэвсүх

Огноо: 1963 он

Хэмжээ: урт-115 см, өргөн-79 см

Материал: Холтс, тос

Жанжин Д.Сүхбаатар, өөрийн журмын нөхдийн хамт 1921 оны 7-р сарын 6-нд нийслэл хүрээг чөлөөлсөн бөгөөд Богдын шар ордны өмнө Ардын засгийн тунхагласан билээ. Үүний дараагаар 1921 оны 7-р сарын 8-10 хооронд Ардын түр засгийн газар буриад худалдаачин Цогтбадамжавын байшинд байрлаж байжээ. Тус байшинд 1930-аад оноос Тувагийн Элчин сайдын яам, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1955-1956 онд Хэвлэлийн төв хороо байрлаж байсан бөгөөд 1956 оноос өнөөг хүртэл Улаанбаатар хотын музей байрлаж байна.
Энэхүү зурагт тухайн үеийн нийслэл хүрээний хамгийн сайхан байшингуудын нэг болох буриад худалдаачин Цогтбадамжавын байшингийн урд жанжин Д.Сүхбаатар журмын хоёр нөхөдтэйгөө ярилцан буйгаар дүрсэлжээ. Цаана нь ардын хувьсгалын улаан тугаа барин явах буутай цэргүүд, Богд хаант Монгол улсын шар тугаа барин явж буй лам нарыг тууж байгаа маягтайгаар, шинэ засаг гарч буй гэсэн утга санаа гарган дүрсэлжээ. Мөн байшин дээрх дээшээ харсан дөрвөн хөлт ширээ нь уг байшинг тодотгож өгчээ.

Гэрэл тавигчид


Үзмэрийн нэр: Гэрэл тавигчид

Бүтээлч: С.Жамц

Огноо: 1964 он

Хэмжээ: урт-200 см, өргөн-125 см

Материал: Холст, тосон будаг

Энэхүү үзмэрт өргүүр дээр зогсож буй хоёр залуу 120 мянгатын авто машины замын гэрэлтүүлгэнд гэрэл тавьж буйг дүрсэлсэн. Зургийн цаад хэсэгт Богд хааны өвлийн ордон, наана нь үйлдвэр комбинат руу эргэх замын уулзвар, бэлэг дурсгалын гол дэлгүүр баригдаж буйг дүрсэлжээ.
Нийслэл хотын гэрэлтүүлгийн түүх ХХ зууны эхнээс эхтэй. 1909 онд Ар Монголын хүрээнд суух амбан сайдаар томилогдсон Сандо нь хүрээнд ирснийхээ дараа гудамжинд бие засахыг хориглож, анхны нийтийн бие засах газрыг байгуулж, мөн шөнөдөө гудамжуудад хятад дэнлүү өлгөж гэрэлтүүлж эхэлсэн нь нийслэл хотын гудамжны гэрэлтүүлгийн анхдагч үйл явдал юм. Харин БНМАУ-ын үед 1940 онд нийслэл хотын төв гудамжинд маршал Чойбалсангийн орон сууцны өмнөөс Зөвлөлт Холбоот улсын элчин сайдын яамны барилга хүртэл шөнийн цагт гэрэлтүүлэх цахилгаан гэрлийн шугамыг тавьж Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн түүх эхэлсэн байна.

Шинэ цирк

Бүтээлч: Д.Магсар

Бүтээсэн он: 1974 оны 10-р сарын 16

Хэмжээ: Урт – 64 см, Өргөн – 47,5 см

Материал: Тосон будаг

1971 онд Азидаа томоохонд тооцогдох циркийн барилгыг Румын улсын хөрөнгө оруулалтаар Улсын Их Дэлгүүрийн урд харалдаа барьжээ. Тус циркийн барилгын зураг төслийг архитекторч Б.Шархүү гаргасан бөгөөд хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэйгээр гаргаж байжээ. Дээврийг нь цэнхэр өнгөөр хийсэн учраас “Цэнхэр асар” хэмээн нэрлэгддэг байв.Уг зургийг Д.Магсар гуай 1974 оны 10-р сарын 16-нд зурсан бөгөөд улсын циркийг зүүн хойд талаас нь харан зуржээ.

Хүрээний нүүдэл

Үзмэрийн нэр: Хүрээ нүүдэл

Бүтээлч: Ү. Ядамсүрэн

Бүтээсэн он: 1961 он

Хэмжээ: Урт-65 см, өргөн-45 см

Материал: Гуаш

Зураач энэ бүтээлдээ уул ус байгалийн сайхныг маш тодоор өнгө ялган зурсан бөгөөд зургийн гол агуулга утга санаа нь хүрээний нүүдлийг харуулсан. 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур хэмээх газарт Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөн Шар бөсийн өргөө барьж өгснөөр одоогийн нийслэл хотын суурийг үндэслэжээ. Нийслэл хот маань Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу нийт 20-28 удаа нүүдэллэсэн бөгөөд 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. 1778 онд нэг удаагийн нүүдлийн зардлыг Эрдэнэ агсан тооцоолон гаргаснаас үзэхэд: Сэвэг цай 3389, тэмээ 20475, ачигч хүн 990, тус бүр сарын хүнстэй, модны дархан 30, төмрийн дархан 15, тус бүр хоёр сарын хүнстэй гаргаж байжээ. Сурвалжид Хүрээ нэг газар удтал оршин суухад тус газар бохирдож, өвчин тахал дэлгэрэн, ойр хавийн мод түлээг хядаж дууссан тул хүрээний лам нарын дараа төрөлд бэрхтэй болох зэрэг шалтгааныг дурьдсан байдаг. Гэвч хүрээний нүүдлийн үндсэн шалтгаан нь монголчууд эртнээс нааш нүүдэлчин соёл иргэншлээр замнаж ирсэнтэй холбоотой билээ.Монголд бий болсон олон хүрээ, хийд тэр бүр хот болон хөгжиж чадсангүй. Харин Их Хүрээ хот болон хөгжсөн нь нэгдүгээрт, Орос-Монгол-Хятадын худалдаа, харилцаа, цайны их зам дагуу суурьшсан, хоёрдугаарт, Монгол орны аж ахуйн байдалд гарсан өөрчлөлтүүдээс, гуравдугаарт газарзүйн байрлал буюу ойт хээрийн хамгийг урд цэг, говийн бүсийн хамгийн хойд цэг байсантай холбон тайлбарладаг.