Уг барилга нь дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьсан архитектурын дурсгалт барилгуудын нэг юм.
Улсын төв театрын барилга байгуулах тухай СнЗ-ийн тогтоол 1940 онд гарсан ч эх орны дайны улмаас хойшлогдож, 1946 оны 6 дугаар сарын 28-нд анхны суурийн чулууг тавьжээ. Барилгын зураг төслийг ЗХУ-д амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, герман архитектор Герхард Косель 1945 онд зохиосон бөгөөд 1946-1949 онд Улсын барилга трестийн барилгачид, японы олзлогдсон цэргүүд барьж ашиглалтад оруулжээ. Үзвэрийн гол танхим 800 хүний суудалтай бөгөөд нийтдээ 38 мянган м.кв багтаамжтай дөрвөн давхар барилга юм. Барилга ба хашааны монгол хээ угалзыг архитектор Б.Чимэд, зураач Д.Манибадар нарын зохиосон зураг төслөөр барималч С.Чоймбол, Н.Даваацэрэн, Н.Жамбаа нар бүтээжээ.
1963 онд Улсын хөгжимт драматик театрыг салгаж биеэ даасан хоёр театр болгосноор уг барилгад Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр байрласан юм. Шинэхэн театр Оросын суут хөгжмийн зохиолч П.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийсэн түүхтэй. 1981 онд “Улсын дуурь, бүжгийн академик театр” 1994 онд “Сонгодог урлагийн академик театр” хамгийн сүүлд 2002 онд “Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр” хэмээн нэрлэжээ .

Recommended Posts