Үзмэрийн нэр: Субботник

Бүтээлч: Л.Бавуудорж

Огноо: 1979 он

Хэмжээ: Өндөр 100 см, өргөн 80 см

Материал: Холст, тос

1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор жанжин Д.Сүхбаатарын морьт хөшөөг Улаанбаатар хотын төв цэгт барихаар болсон бөгөөд үүний урьд барих газарт бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, талбайг тэгшлэхээр болсон байна. МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан “Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтыг шинэчлэх төлөвлөгөө” тогтоолоор 1946 оны 6-р сарын 15-ны өдөр бүх нийтийн субботникийг хийсэн бөгөөд субботникд маршал Х. Чойбалсан, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нар үлгэр дууриалал болон оролцож, энх цагийн бүтээн байгуулалт, Улаанбаатар хотын хөгжил дэвшилд хүн бүхний оролцоо чухлыг харуулсан юм. Энэхүү субботникоор гурван цагийн дотор 6000 шоо метр шороо зөөж Сүхбаатарын талбайг тэгшилжээ.
Энэхүү зурганд бүх нийтийн их цэвэрлэгээнд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар хөдөлмөрчдийн хамт оролцож байгааг уран дүрслэлийн маягтай харуулан зуржээ. Субботник хийж байгаа хүмүүсийн үйл хөдлөл, дүр төрхийг олон янзаар гаргаж, алслалтаар тэдгээрийг дүрсэлжээ. Мөн зургийн баруун гар талын дээд буланд улаан даавуу хийсгэсэн нь хувьсгал, социализмын өнгө аяс оруулсан байна.

Related Works