Skip to content

ХХ ЗУУНЫ ХҮРЭЭ, ХОТЫН МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД

ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд:

Социалист нийгмийн өмнөх үед Монголын ихэнх эмэгтэйчүүд нүүдлийн малчин амьдралаар амьдарч, цөөн эмэгтэйчүүд суурин газар буюу Хүрээнд аж төрж байв. Хүрээнд амьдарч буй эмэгтэйчүүд хөдөөний эмэгтэйчүүдээс ажил хөдөлмөр, амьдрах хэв маяг, ахуй орчны хувьд өөр байсан бөгөөд гоёмсог орд, өргөөд сууж, тансаг амьдрах хатан, авхай нар байхад зах дээр эмээл, малгай, бурхны эд зүйлс худалдаалах болон түлээ түүж зарж өдрийн амьдралаа залгуулах эмэгтэйчүүд ч байв. Мөн ордны шивэгчин, үйлчлэгч, асрагч болон оёдолчин, шаглаачин, хатгамалч гэх зэрэг ажил хөдөлмөрөөр Хүрээний эмэгтэйчүүд ялгарч байв. Тухайн үеийн нөхөрт гарсан бүх эмэгтэйчүүд үсээ жилийдэж, нисч буй шувууны хэлбэртэй болгож засдаг байв. Хүрээн дэх язгууртны хатан, баячуудын эхнэрүүд эрх ямба болон өмсгөл зүүсгэл, шүр, сувд бүхий гоёл чимэглэл, эд материалаар өөр хоорондоо өрсөлддөг байв. ХХ зууны эхэнд Хүрээнд гэрэл зургийн газрууд нээгдсэнээр тэд гол үйлчлүүлэгчид болж, гэрэл зураг авахуулах нь тансаг хэрэглээнд тооцогдох болжээ. Социалист нийгмээс өмнөх үеийн Монголын эмэгтэйчүүдийн ихэнх нь бичиг үсэггүй, улс төрийн эрх мэдэлгүй, тухайн нийгмийн хөгжлийн хоцрогдлоос шалтгаалж нийгмийн суурь тусламж үйлчилгээг авах боломжгүй байв.

Хүрээ хүүхнүүд

Худалдаа хийхээр зах руу явж буй Халх эхнэр, Их хүрээ, 1898 он, гэрэл зургийг А.А.Лушников

Зах дээр худалдаа хийж буй монгол эмэгтэйчүүд, 1910-аад он

Хүрээний монгол авхай нар, 1910-аад он

Хүрээний их зах дээр үхэр эмээллэж худалдаа хийхээр ирсэн хижээлдүү Халх эмэгтэй. 1910-аад он

Хүрээ гангачуул

Хүрээ эхнэр. 1910-аад он. Нийслэл хүрээ. 1910-аад он. Гэрэл зургийг А.Д.Щапов

Модон хашлагатай байшингийн гадна орой дээрээ шилэн шигтгээ, мөнгөн гоёлогтой үстэй сээтэн малгай тавьсан, толгойн мөнгөн боолт, цардсан үстэй, гэзгээ гурваар сүлжиж, дөрвөлжин энгэртэй, торгон богино ууж, ботгон мөртэй, алхан хээтэй эмжээртэй ханцуйвч, булган цомбон нударгатай хатан сүйх хээтэй, гурван эмжээртэй торгон дээл, монгол гутал өмссөн залуу эмэгтэй хивс дэвсэж хажууд нь дугуй цаг тавьсан эрээн бүтээлэгтэй ширээний дэргэд матмал модон сандалд сууж ялимгүй жишүү харан зургаа татуулжээ.

 

Нийслэл хүрээний хатад, Зүүн гар тал дахь эмэгтэй нь Шүүх яамны сайд Намсрай вангийн хатан, баруун гар талын эмэгтэй нэр тодорхойгүй. 1910-аад он, А.Д.Щаповын хувийн гэрэл зургийн газар

Орой дээрээ чулуун шигтгээ, мөнгөн гоёлог, эрдэнийн чулуун нүдтэй дүгрэг хилэн малгай тавьсан, цардсан үстэй, гэзгээ гурваар сүлжиж, хацартаа энгэсэг тавьсан, баруун, зүүн гарын долоовор, ядам хуруундаа алтан бэлзэг зүүж, хоргой ханцуйтай, салбан нударгатай, торгон дээл, 32 угалзтай монгол гутал өмссөн энэ эмэгтэй бол Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны анхны тэргүүн сайд, Эрдэнэ засаг, жүн ван М.Намсрайгийн хатан (нэр нь тодорхойгүй) юм. 1910-аад он, А.Д.Щаповын хувийн гэрэл зургийн газар

Нэр нь үл мэдэгдэх хүмүүсийн хөрөг. Нийслэл хүрээ, 1910-аад он, А.Д.Щаповын хувийн гэрэл зургийн газар

Нийслэл хүрээний чинээлэг хатад европ хийцийн морин тэрэг хөлөглөдөг байв. Нийслэл хүрээ. 1910-аад он.

Цайвар зүсмийн морь ижилсүүлэн унасан хоёр эхнэр, 1910-аад он

Халх эхнэр, хүүхдүүд. 1910-аад он

Нийслэл хүрээнд хэд хэдэн гэрэл зургийн газар байсан бөгөөд тэдгээрийн зарим нь гэрэл зургийн явуулын үйлчилгээ үзүүлж, ноёд, хатдын зургийг гэрт очиж авдаг байв.

Хүрээний эмэгтэйчүүд, Нийслэл хүрээ, Орос гэрэл зурагчны газар. 1910-аад он

Энэ зургаас Хүрээний эмэгтэйчүүдийн тухайн үеийн хувцаслалт, өмсгөл зүүсгэл, төрх байдлыг харж болно. Хүрээнд анх гэрэл зургийн үйлчилгээ ноёд, язгууртан, баячуудын дунд нэвтэрч, тансаг хэрэглээ болж байв. Эдгээр гэрэл зургууд өдгөө тухайн

Хүрээний хатад, Нийслэл хүрээ, Орос гэрэл зурагчны газар, 1910-аад он

Богдын шар ордны өмнөх шөргөн хашааны дэргэд зогсож буй Халх эхнэр, Нийслэл хүрээ, гэрэл зургийг Стефан Пассе, 1913 оны VII сар

Аргал түүж байгаа монгол эмэгтэйчүүд, ХХ зууны эхэн

Социалист нийгмийн үеийн Хотын эмэгтэйчүүд:

Хүрээний эмэгтэйчүүдээс хотын эмэгтэйчүүд маш их ялгаатай байв. Хотын эмэгтэйчүүд өөрсдийн эрх чөлөөтэй байх, боловсролтой байх, эрх тэгш байх, улс төрийн эрх мэдэлтэй байх гэх зэрэг хувийн болон нийгмийн эрхүүдийн төлөө монголын эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, нэгдэн тэмцсэнээр тэр бүгд эрхүүдээ олж авч чадсан. Ингэснээр социалист нийгмийн монголын эмэгтэйчүүд өмнөх нийгмийн эмэгтэйчүүдийн хүсч байсан олон хүслийг биелүүлснээс гадна энэ үед монголын эмэгтэйчүүд бичиг үсэгтэй болж, сургуульд суралцаж, анх удаа мэдлэг боловсролтой танилцаж, хөдөлмөр эрхлэх болсон ба үүгээрээ тэд зөвхөн хувцаслалт, үс засалт, биеэ авч явах гэх зэрэг хувийн болон нийгмийн харилцаагаа өөрчилсөн төдийгүй оюуны хүрээнд тэд өөрсдийн эрхийг монголын нийгэмд хүлээн зөвшөөрүүлсөн. Ингэснээр Монголын эмэгтэйчүүд багш, эмч, саальчин, тариаланч болон оёдолчин, нэхмэлчин, гуталчин гэх зэрэг нийгмийн бүхий л салбарт ажиллаж, ажилчин, хөдөлмөрчнөөс гадна улс төрч, соён гэгээрүүлэгч болж өөрсдийн байр суурийг олж авч чадсан.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр өөрсдийн эрхийг хамгаалахаар Монголын өнцөг булан бүрээс цугларсан Эмэгтэйчүүдийн байгууллагын идэвхтэн гишүүд. 1920-иод оны сүүлч.

Зурагт буй эмэгтэйчүүдийн ард татсан давуун дээр бичсэн монгол бичгийн хөрвүүлэг: “Март хэмээх 3 сарын 8-ны өдөр бүх дэлхийн дарлагдсан эмэгтэйчүүд эрх чөлөөгөө гартаа авч эзэрхэг түрэмгийн өмнөөс эсэргүүцтүгэй. Монголын малчин олон эмэгтэйчүүдийн эрх чөлөө бадарч эдийн хувийн дарлагдлаас ангижирсугай.”

Зураг дээр эмэгтэйчүүдийн зүүсэн туузан дээр дараах өгүүлбэрийг монгол бичгээр бичсэн:

“Үгээгүй ардын ангийн тэмцсэнийг хатуугаар хөгжүүлэн нийгэм журам шатаар дэвшүүлэх явдалд үйлдвэрчин, тариачин, ажилчин, малчин эмэгтэй ард бүхэн бүхий л хүчээ зориулсан дэлхийн үгээгүй ядуу малчин ардын эрх чөлөө мандтугай. Ардын хувьсгалт … мандтугай.”

Оёдлын үйлдвэрийн тэргүүний ажилчин эмэгтэйчүүд. 1930-аад он.

1930-аад оны хотын эмэгтэйчүүд.

1920-иод оноос хотын эмэгтэйчүүдийн хувцаслалт, хэв загварт өөрчлөлт орж, тэд үсээ Хүрээний эмэгтэйчүүд шиг заавал урт ургуулж, жилийдэх биш, харин үсээ доороос нь тэгшлэн богиносгож, зундаа дугуй цагаан, өвөлдөө булган малгай өмсөж байжээ. Энэ хэв маяг нь тухайн цаг үедээ хотын эмэгтэйчүүдийн нийтлэг загвар, бас моод байв.

Хотын эмэгтэй, 1930-аад он.

Хотын эмэгтэйчүүд, 1930-аад он.

1921 онд Улаанбаатар хотод анхны их дэлгүүр нээгдэж, улмаар европ хувцасны тасаг бий болсноор монгол эмэгтэйчүүд дугуй малгай, пальто, ботинк зэрэг европ хувцасаар гоёх болжээ. Мөн дээл, тэрлэг нь энгийн загвартай болж өөрчлөгджээ.

ХХ зууны монголын улс төр, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт нь Монгол эмэгтэйчүүдийн эрх хэмжээ, нийгмийн байр суурийг эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх тэгш байх боломжийг олгосон юм. Энэ нь монгол эмэгтэйчүүдэд зөвхөн мал аж ахуйн хөдөлмөр эрхлэх биш, сургуульд суралцаж мэргэжил эзэмших, сонгуульд оролцох, улс төрийн идэвхтэн болох гэх зэргээр нийгмийн амьдралд оролцох боломжийг өргөжүүлсөн. Хуучин нийгэмд монгол эмэгтэй хүн хайр сэтгэлийн ямар ч холбоогүйгээр ноёны эхнэр болж, хэний эхнэр болохыг зөвхөн аав, ээжүүд мэддэг байсан бол шинэ нийгмийн дараа тэд хувийн үзэл бодлоо илэрхийлэх, хэнээс ч хараат бусаар нөхрөө сонгох хувийн эрх чөлөөтэй болсон юм.