СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ, НИЙТЛЭЛЧ Д.ДАМДИНЖАВЫН “СУУ БИЛГИЙН СУДАР-СУУТ НУУЦ” НОМЫН НЭЭЛТ ХОЁРДУГААР САРЫН 22-НЫ ӨДӨР БОЛЛОО

Номын нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын даргын зөвлөх Б.Эрдэнэбаяр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл, Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн нарын албаны хүмүүс оролцлоо.

“Суу билгийн судар-Суут нууц” ном нь тэргүүн, дэд, гутгаар гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эрт эдүгээгийн алдарт эрхмүүдийн нууц суу билгийг уудлан нээсэн нэн шинэ бүтээл гэдгээрээ онцлогтой.

Урьд хожид хаана ч гараагүй, хэний ч ухаж олоогүй суут нууцыг уудлан өгүүлэх тус номын “Цаг хугацаагаар аялагч цагаан Хангарьд” тэргүүн дэвтэрт Аригбөх хаан, Өндөр гэгээн Г.Занабазар, Галдан бошигт хаан, Манлай баатар Ж.Дамдинсүрэн, VIII Богд Жавзундамба, Солийн Данзан, Ринчиний Чойном, Юмжаагийн Цэдэнбал, Бямбын Ренчин нарыг онцолсон байна.

Харин “Нууцын авдарт архирах улаан арслан” дэд дэвтэрт Хубилай сэцэн хаан, Хорлоогийн Чойбалсан, Ноён хутагт Данзанравжаа, Чин Ван Ханддорж, Очирбатын Дашбалбар, Модун Шаньюй, Санжаасүрэнгийн Зориг, Пэлжидийн Гэндэн, Дилав хутагт Жамсранжавын тухай өгүүлэх юм.

“Хөлгөн их түүхийн оньс тайлагч хөх чоно” гутгаар дэвтэрт Чингис хаан, Жамуха сэцэн, Сорхугтани бэхи хатан, Догсомын Бодоо, Тогоонтөмөр хаан, Дашдоржийн Нацагдорж, Шударга баатар Бавуужав, Цэндийн Дамдинсүрэн, Лодонгийн Түдэв нарын тухайх онц сонирхолтой, нууцыг тайлжээ.

“Суут нууц” номын агуулга болоод хэлбэр нь түүх, сэтгүүл зүй, утга зохиолын элементээр бүтсэн. Тиймээс түүхийн баримт, судалгаа тал дээр Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар, сэтгүүл зүйн хэлбэр агуулга тал дээр Сэтгүүл зүйн ухааны доктор До.Цэнджав, утга зохиолын хийц, найруулга, үг хэллэг тал дээр Ардын уран зохиолч Т.Галсан нар ажилласан юм.

Номын тухай Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Би Д.Дамдинжавын шинэ номыг уншаад залуу зохиолчийн сэтгэлгээний цар хүрээ, асуудлыг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх гайхалтай чадвар, тухайн цаг үеийн улс орны түүхэн бодот байдлыг мэдэрсэн нарийн мэдрэмж, ерөнхий түүхийн өргөн мэдлэгийг нь өөрийн эрхгүй бахдан бахархлаа.

“Түүх бол он цагийн дараалал биш, урлаг биш, яруу найраг ч биш, түүх бол зөн билиг хийгээд үзэгдэл үйл явцын түүхэн их айгаас таамаглан дүгнэгдсэний үр дүнд босож ирдэг бодот байдал” хэмээн Италийн сэтгэгч, гүн ухаантан, түүхч Бенедетто Кроче нэгэнтээ хэлснийг Дамдинжав энэ цагийн монголчуудын ширээн дээр энэхүү бүтээлээрээ авчирч тавьжээ. Бахархалтай” хэмээн дүгнэсэн байдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус номын нээлтэнд оролцож хэлсэн үгэндээ тэрээр өнгөрсөн түүхийн алдаа, оноо бидний хэрхэн амьдрахыг чиглүүлдэг гэж боддог. Эрт үед амьдарч, хэцүү хэдий ч хэрэгтэй эсвэл тухайн цагтаа таатай ч алс ирээдүйд алдаа болсон шийдэл, шийдвэрийг гаргаж байсан удирдагч нартай ярилцана гэдэг сонирхолтой мэдрэмж байх нь дамжиггүй. Хэрвээ би спортоор хичээллээгүй бол түүх судлаач болох байсан гэж боддог. Түүхийн шар хуудсанд үлдсэн үйл явдал, баримт бүхэнд Монголчууд бидний алдаа, оноо бүгд шингэж үлдсэн. Түүхэнд хэрвээ гэж байдаггүй. Гэхдээ өнгөрсөн түүхийн алдаа, дутагдлыг өнөө цагт давтахгүй байх нь хамгийн чухал. Тийм ч учраас түүхийг шимтэж, судлах дуртай. Зохиолч Д.Дамдинжавын хувьд Их Монгол Улсын хаад, удирдагч нартай ярилцлага хийж байгаа хэлбэрээр “Суу билгийн судар-Суут нууц” номоо бичжээ. Нэг хүн дээр дунджаар 15 ном уншиж, судласан байна. Товчхондоо түүхийг товч, сонирхолтой өнцгөөс уншиж, ойлгох боломжтой юм хэмээн олзуурхаж, уншихыг тэсэн ядаж байна. Энэ номын санаа, хэлбэр, хийц нь таалагдаж, монголынхоо түүхийг сонирхож явдаг учраас “Суу билгийн судар-Суут нууц” номыг хэвлүүлэхэд миний бие хувийн зүгээс баяртайгаар дэмжсэн гэлээ.

Номын зохиолч Дамдинсүрэнгийн Дамдинжав нь Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, МСНЭ-ийн гишүүн, МЗЭ-ийн гишүүн, МСНЭ-ийн “Оны шилдэг бүтээл”, МЗЭ-ийн шилдэг бүтээлийн “Алтан Өд” шагналт уран бүтээлч юм. “Суу билгийн судар-Суут нууц” ном түүний 9 дэх уран бүтээл бөгөөд хөрөг, памфлет хэлбэрээр бичигдсэн “Гол тоглогч I, II. III” нь олны анхаарлыг ихээхэн татаж байсан билээ.

Тэрбээр өнгөрөгч 2021 онд “Зуун настай залуу” түүхэн эмхэтгэлээ бичиж, олны хүртээл болгосон юм.

Recommended Posts