“Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг амжилттай боллоо

Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, олон нийтэд нэг дороос хүргэх зорилгоор “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг 2023 оны 04 дүгээр сарын 26-27-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа. НЗДТГ-аас санаачилсан тус өдөрлөгт Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Улаанбаатар хотын музей, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан зэрэг 20 байгууллага оролцож, мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэж, үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Өдөрлөгт Улаанбаатар хотын музейгээс дэлгэн гаргасан “Өөрчлөгдөж буй Улаанбаатар: Өнгөрсөн ба одоо” гэрэл зургийн үзэсгэлэнг эхний өдөр 220 гаруй хүн үзэж, музейн асраар 300 гаруй хүн үйлчлүүлснээс 50 гаруй хүнд музейн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, хоёр дах өдөр үзэсгэлэнг 218 хүн үзэж музейн асраар 250-иад хүн үйлчлүүлснээс 46 хүнд музейн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж ажиллав.

    

Нийгмийн салбарын нэгдсэн өдөрлөг амжилттай үргэлжилж байна.

Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, олон нийтэд нэг дороос хүргэх зорилгоор “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. НЗДТГ-аас санаачилсан тус өдөрлөгт Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Улаанбаатар хотын музей, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан зэрэг 20 байгууллага оролцож, мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэж байгаа юм.

Тухайлбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газар амны хөндийн үзлэг хийн, мэдрэл, хараа шалгаж, эрүүл зөв хооллолт болон эрт илрүүлгийн талаар зөвлөгөө өгч байна. Харин Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэж буй иргэдэд зөвлөгөө өгөх, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цахимаар авах хүсэлт илгээх талаар мэдээлэл хүргэж буй юм. Мөн Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл өгч, гадаад улсаас шилжин суралцаж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн боловсролын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх үйлчилгээ үзүүлж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн нийгмийн салбарын бүх байгууллага тус өдөрлөгт оролцож буйгаараа онцлог. Иргэд мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэсэн үг. Төрийн байгууллагууд иргэдтэй ойр байж, мэдээлэл, үйлчилгээгээ хурдан шуурхай хүргэх хэрэгтэй. Иргэд хэрэгцээт зөвлөгөө, мэдээлэл авахаас гадна өргөдөл гомдол хүргүүлж, шийдвэрлүүлэх, нийслэлд хэрэгжиж буй нийгмийн салбарын төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах боломжтой” гэлээ.

Өдөрлөгт Улаанбаатар хотын музейгээс” Өөрчлөгдөж буй Улаанбаатар: Өнгөрсөн ба одоо” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гарган үзэгчдийн хүртээл болгож байна. Тус өдөрлөг дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

 

 

“УЛААНБААТАР-ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ,  ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ” –д УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙГЭЭС ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” -ыг амжилттай зохион байгууллаа.

Уг форумд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт-Улаанбаатар” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Шинэ сэргэлт Монголчуудын, Улаанбаатарчуудын шинэ хандлагаас, асуудлаа харж буй өнцгөөс эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ онцолж байлаа.

Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, түншлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Энэхүү форумд Улаанбаатар хотын музейгээс “ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ УЛААНБААТАР” гэрэл зураг, үзмэр эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн зохион байгуулж оролцлоо.

Үзэсгэлэнд Цам харайх ёслол, Майдар эргэх ёслол зэрэг шашны зан үйл, Нийслэл хүрээ, Улаанбаатар хотод болсон томоохон үйл явдал, бүтээн байгуулалт, хотын хөгжил, дэвшил, өөрчлөн байгуулалтын үеийг харуулсан түүхэн 30 гэрэл зураг тавигдахаас гадна түүхэн онцлох үйл явдлыг гэрчлэх баримтуудыг дэлгэн үзүүллээ.

Үзэсгэлэнг форумын үйл ажиллагааны 400 гаруй зочид төлөөлөгч үзэж танилцлаа.

 

“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” энэ сарын 20-нд болно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” дөрөвдүгээр сарын 20-нд болно, форумын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Форумыг Яармаг дахь шинэ Хангарди ордонд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагууд, түншүүдэд урилга хүргүүлсэн. Олон улсын байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Гадаадаас 100 гаруй зочин хүрэлцэн ирнэ. Форумын https://ubif.mn/ цахим хуудас ажиллаж эхэлсэн бөгөөд бүртгэл хийж байгаа” хэмээлээ. Форумын хүрээнд 15 гэрээ, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ. Хотын дарга бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгов.

   

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН АЛБАН ХААГЧИД ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарь батлах тухай” А/01 дүгээр тушаал болон “Хаврын их цэвэрлэгээ 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээний удирдамжийн дагуу Улаанбаатар хотын музейн  албан хаагчид 04 дүгээр сарын 14-ний баасан гаригт Туул гол – Хөрш заан хотхоноос зүүн тийш UB town хотхон хүртэл зам талбайн хог, хаягдал, цас мөсийг цэвэрлэлээ. Хог хаягдлыг шуудайд хийж 1 цэгт төвлөрүүлэв.

 

 

СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монгол Улсын Соёлын яам, ГЗХА Соёл, урлагийн газартай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөгийг “Улаанбаатарын хаврын баяр 2023”-ын хүрээнд Д.Сүхбаатарын талбайд 04 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч, Ардын багш, МУУГЗ Н.Ганхуяг, “Гэгээн Муза” академийн Тэргүүн, Ардын жүжигчин С.Сарантуяа, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн, Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн, Нийслэлийн соёлын төв өргөөний захирал, МУУГЗ Д.Ариунбаатар, Чингис хаан үндэсний музейн захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Нямжав нарын хүндэт зочид оролцлоо.

Уг өдөрлөг арга хэмжээнд Улаанбаатар хотын музейн хамт олон оролцож өөрийн үйл ажиллагаагаа сурталчилан гэрэл зургийн үзэсгэлэнг үзэгчдэдээ толилуулах ажлыг амжилттай хийлээ.

“МУЗЕЙЧИД ЦЭРГИЙН АЛБАНД” ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын музейн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн Олон  улсын музейн өдрийг угтан Монгол цэргийн музейгээс уламжлалт арга хэмжээ болох цэргийн анги салбарын үйл ажиллагаатай танилцах, цэргийн албаны онцлог, жирийн цэргийн алба хаагчдын өдөр тутмын цагийн хуваарьт ажиллагааг үзэх, цэргийн ахуйд зочлон биеэр мэдрэх боломж олгодог  “Музейчид цэргийн албанд” танин мэдэхүйн аялалыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид зохион байгууллаа.

Аялалд Монгол цэргийн музей, Олон улсын музейн зөвлөлийн Монголын хороо, Байгалийн түүхийн музей, Соёлын Өвийн Үндэсний төв, Чойжин ламын музей, Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей, Угсаатны зүйн хувийн музей зэрэг музейнүүдийн төлөөлөл 20 шахам төлөөлөл хамрагдлаа.

Энэхүү танин мэдэхүйн аялалаар Зэвсэгт хүчний Сургалтын Нэгдсэн төв, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвөөр зочлон олон улсын хамтарсан сургалт дадлага, төрөл бүрийн мэргэжлийн сургалт, “ Цэргийн олимп” хэмээн нэрлэгддэг марш тактикийн тэмцээн явагддаг газар орон, тус ангийн нэг өдрийн үйл ажиллагаа, офицер, ахлагч, байлдагчийн сургалт бэлтгэл, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг тухай сонирхолтой аялал хийсэн юм.

Ангийн Соёлын төв, цэргийн гал тогоо, НҮБ-ын стандартын эмнэлэг, биеийн тамирын заал зэрэг нь хотоос алс зайд алба хаагчдын ажиллаж амьдрах  бүхий л боломж бүрдүүлсэн байгааг музейн төлөөлөл бахархан ярьж эр цэрэг, цэргийн албаар бахархаж, тэдний ажлын онцлог ололт, амжилтыг харж хавраар очсон хүмүүс өвлийн цасан шуурга, салхи жавар зэргийг нэгэн зэрэг үзэж ёстой л “цэргийн хүн” болохоо шахав.

Мөн аялалын хамт олон Зэвсэгт хүчний Зенитчдийн нэгдсэн сургалт дадлага-харвалтыг үзэж сонирхон дарийн утаа үнэрлэж, цэргийн нормт хоолыг амтархан зооглосон нь нэгэн мартагдашгүй дурсамж үлдээсэн үйл явдал боллоо.

Монгол цэргийн музейн удирдлага, хамт олонд “Музейчид цэргийн албанд” үйл ажиллагаанд  оролцон нэгэн өдрийг музейчидтэйгээ хамт өнгөрүүлэх боломж олгосонд Улаанбаатар хотын музейн зүгээс талархал илэрхийлж байна.

Халтиргаа гулгаанаас сэргийлэн 266 тонн бодис, 250 тонн давс цацлаа

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэл хот орчмоор цас орж, цаг агаар хүндэрсэн тул холбогдох албаныхан шаардлагатай арга хэмжээг авч, газар дээр нь ажиллалаа. Тухайлбал, цас орж эхэлснээс хойш нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт 190 ажилтан тусгай‌ зориулалтын 45 машин, техниктэйгээр уртасгасан цагаар ажилласан байна.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:

-Дөрөвдүгээр сарын 1-ний 17:00 цагаас цас орж эхэлсэн. Манай байгууллагын хувьд хариуцсан зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн арга хэмжээг авч ажилласаар байна. Өнөөдрийн хувьд цас хайлж шавхай татах, халтиргаа нэмэгдэх төлөвтэй тул зам талбайн үйлчлэгч нар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Цаг агаарын байдал хүндэрсний улмаас даваа гүвээний, мөн  зарим томоохон  замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, цас цэвэрлэх техникүүдийг ажиллуулсан. Одоогоор эдгээр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэсэн юм.

Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд дулааны шугам задарсан тул холбогдох албаныхан ажиллаж гэмтлийг зассан байна. Тодруулбал, нийт 44 блок, 1000 орчим айл өрх, 100 гаруй аж ахуй нэгжийг дулаанаар хангадаг сүлжээнд гарсан гэмтэл дээр холбогдох газрын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, шугамыг солив.

Дөрөвдүгээр сарын 2-ны 12:00 цагийн байдлаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт  зам талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 120 машин, техниктэй ажиллан цас арилгаж, 266 тонн бодис, 250 тонн давс цацлаа. Цас арилгах, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажил үргэлжилсээр байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдийн санал хүсэлтийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг хоёр чиглэлд эхлүүлэхээр төлөвлөлөө.

Тодруулбал, Ч:29 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал”, Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ 3 – Дүнжингарав худалдааны төв” гэсэн үндсэн чиглэлийг:

  • Ч:29А “Сэлбэ амралт – Сансар-Зүүн 4 зам”
  • Ч:29Б “Зүүн 4 зам – Сансар-Вокзал”
  • Ч:44А “Нарангийн гол – Толгойт-3-р эмнэлэг”
  • Ч:44Б “Цамбагарав – ТЭЦ3 – Дүнжингарав худалдааны төв” болгон өөрчлөлтийг оруулаад байна.

Тухайн чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

 

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэсээс Улаанбаатар хотын музей дээр 2023 оны 3 дугаар сарын 24-ий өдөр “Галын аюулгүй байдлын сургалт” зохион байгууллаа. Тус сургалтыг Ангиллын сургалт, сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Пүрэв-Очир явуулж, сургалтаар “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”, гал гарсан үед явуулах арга хэмжээ, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт зэрэг мэдээлэл хүргэн, анхааруулга зөвлөмж өгч, оролцогчдын асуусан асуултад хариулт өгсөн юм. Мөн галын хорыг ашиглах, гал түймрийн үед өөрийн бие болон үзмэрийг хэрхэн хамгаалах талаар дадлага сургалт хийлээ. Сургалтанд тус музейн 17 албан хаагч хамрагдлаа.

“Утаагүй тамхи мода биш” сэдэвт лекц зохион байгуулав

Улаанбаатар хотын музей, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран “Электрон тамхигүй-Эрүүл ирээдүй” аяны хүрээнд   “Утаагүй тамхи мода биш” сэдэвт лекцийг Нийслэлийн ЕБС-ийн 21, 84-р сургуулийн 8-12 дугаар ангийн 300 сурагчдад зориулан зохион байгуулж, электрон тамхины хор уршгийн талаар таниулав.

 

Д.Сумъяабазар: Чунчин хоттой харилцаагаа бэхжүүлэн, олон салбарт хамтарч ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллаж буй. Энэ хүрээнд тэрбээр Чунчин хотын дарга Ху Хэнхуатай уулзаж, цаашид боловсрол, эдийн засаг, худалдаа, технологи, соёлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, тэлэх талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.

-Та БНХАУ-ын Чунчин хотын дарга Ху Хэнхуатай уулзлаа. Энэ уулзалтын ач холбогдол юу байв?

-2022 оны тавдугаар сард бид Чунчин хотын удирдлагатай цахимаар уулзаж, Ах дүү хотын харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн уулзалт цар тахлын дараа, бас биечлэн болж байгаад хоёр тал нэлээд ач холбогдол өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар олон зүйлийг хэлэлцэж тохирлоо. Чунчин хот БНХАУ-ын баруун бүсийн эдийн засаг, үйлдвэрлэл, санхүүгийн том тулгуур төвүүдийн нэг болж хөгжиж байна. Тиймээс боловсрол, соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх боломж маш их.

-Тухайлбал, ямар байдлаар хамтран ажиллах боломж байна вэ?

-Нэгдүгээрт, эдийн засаг, худалдааны салбарт хамтрах бүрэн боломжтой. Улаанбаатарын зүгээс эрүүл, шимтэй мах, махан бүтээгдэхүүнээ нийлүүлэх, нөгөө талаас чанартай, хямд ногоо, жимсээ эндээс авах бололцоо бий. Мэдээж эдийн засаг, худалдааны эргэлт нэмэгдэхтэй зэрэгцээд тээвэр, тэр дундаа агаараар ачаа тээвэрлэх гарцын талаар хэлэлцэх болно.

Улаанбаатар хотод хийж буй цахим шилжилтийн хүрээнд технологийн шийдлүүдийг нь нэвтрүүлж болж байна. Хотод тулгамдаж байгаа асуудлын оновчтой шийдлийг хотынхоо аль нэг дүүрэгт турших байдлаар нэвтрүүлээд явах зэргээр хамтран ажиллана. Үүнийг дагаад нийгмийн салбар, тухайлбал боловсролын чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх боломж гарч ирж таарна. Чунчинд инженер, харилцаа холбооны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг томоохон их сургуулиуд бий. Мөн Шанхай, Чанчунь хоттой зэрэгцдэг хүнд машин механизм үйлдвэрлэгч хот. Тиймээс технологи, үйлдвэрлэл, өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр оюутнууд сургах, мэргэжил дээшлүүлэх боломжтой гэж харлаа.

-Улаанбаатар Чунчинтай Ах дүү хотын харилцаатай. Энэ чиглэлд ямар ажлууд хийх, яаж хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар, Чунчин хотын хооронд байгуулсан Ах дүү хотын харилцаа  тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд хоёр хотын бодит  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.

Ах дүү хотын харилцааны хүрээнд бид соёл, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, энэ чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Тухайлбал, хотуудынхаа соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулдаг болох, аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гаргах талаар хэлэлцсэн. Тэр тусмаа 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран сонирхолтой маршрутуудыг санал болговол үр дүнтэй, оновчтой байна гэж харлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС