Ардын засгийг тунхагласан нь

Үзмэрийн нэр: Ардын засгийг тунхагласан нь

Бүтээлч: Д.Дамдинсүрэн

Огноо: 1974 он

Хэмжээ: урт-100 см, өргөн-80 см

Материал: Холст, тос

Энэхүү зурганд 1921 оны Зүүн хүрээн дэх Богдын шар ордны өмнөх талбайд Ардын засгийг тунхагласан түүхэн үйл явдлыг дүрслэн үзүүлжээ. Зургийн голд жанжин Д.Сүхбаатар үг хэлж байх бөгөөд зүүн гар талаас Ялгуун баатар Сумъяа бэйс, Дарьзавын Лосол, Дансранбилэгийн Догсом, харин баруун гар талаас Солийн Данзан, Хорлоогийн Чойбалсан нар зогсож буйгаар дүрсэлжээ. Мөн тэдний урд талд шар тугийг түлхэн унагааж буй улаан туг хийсэж байх бөгөөд улаан туган дээр уйгуржин монгол бичгээр “Монгол ардын намын журамт цэргийн жанжин туг” хэмээн бичжээ. Шар тугаар Богд хаант олноо өргөгдсөн Монгол улсыг төлөөлүүлэн харуулж буй. Мөн тэдний ард талаар цэргүүд, жирийн ард, лам хуврагууд зогссон байх бөгөөд сайн харвал зарим түүхэн хүмүүсийг дүрсэлсэн нь харагдана. Зургийн хойморт Чингэлтэй хайрхан, Зүүн хүрээ, Богдын шар ордон харагдана. Мөн энэхүү зургаас тухайн үеийн хувцас, эд хэрэглэлийн хийц загварыг сайн харж болно.

Түр засгийн газар

Үзмэрийн нэр: Түр засгийн газар

Бүтээлч: В.Пүрэвсүх

Огноо: 1963 он

Хэмжээ: урт-115 см, өргөн-79 см

Материал: Холтс, тос

Жанжин Д.Сүхбаатар, өөрийн журмын нөхдийн хамт 1921 оны 7-р сарын 6-нд нийслэл хүрээг чөлөөлсөн бөгөөд Богдын шар ордны өмнө Ардын засгийн тунхагласан билээ. Үүний дараагаар 1921 оны 7-р сарын 8-10 хооронд Ардын түр засгийн газар буриад худалдаачин Цогтбадамжавын байшинд байрлаж байжээ. Тус байшинд 1930-аад оноос Тувагийн Элчин сайдын яам, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1955-1956 онд Хэвлэлийн төв хороо байрлаж байсан бөгөөд 1956 оноос өнөөг хүртэл Улаанбаатар хотын музей байрлаж байна.
Энэхүү зурагт тухайн үеийн нийслэл хүрээний хамгийн сайхан байшингуудын нэг болох буриад худалдаачин Цогтбадамжавын байшингийн урд жанжин Д.Сүхбаатар журмын хоёр нөхөдтэйгөө ярилцан буйгаар дүрсэлжээ. Цаана нь ардын хувьсгалын улаан тугаа барин явах буутай цэргүүд, Богд хаант Монгол улсын шар тугаа барин явж буй лам нарыг тууж байгаа маягтайгаар, шинэ засаг гарч буй гэсэн утга санаа гарган дүрсэлжээ. Мөн байшин дээрх дээшээ харсан дөрвөн хөлт ширээ нь уг байшинг тодотгож өгчээ.

Эх орны төв

Үзмэрийн нэр: Эх орны төв

Бүтээлч: Ц.Цагаан-Өвгөн

Огноо: 1984 он

Хэмжээ:Өндөр-48,1см,өргөн-34,5см

Материал: Үйсэн наамал

БНМАУ-ын Засгийн газар 1930-аад онд одоогийн Боловсролын их сургуулийн төв байранд байрлаж байв. Энэ байшинд Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хянан байцаах газар, зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байжээ. 1940-өөд оноос төрийн шинэ ордонг бариулахаар шийдвэрлэж ЗХУ-аас тусламж гуйх болжээ. Тусламж хүссэний хариуд ЗХУ бэлэн эскиз зурагнууд буй тухайгаа үзүүлсэн бөгөөд ЗХУ-аас авчирсан төрийн захиргааны барилгын бэлэн зургийг Засгийн газрын комисс нягтлан үзээд Монголын нөхцөл байдал, уламжлалд тохируулан зарим өөрчлөлт хийлгэжээ. Үүнд: Монгол инженер Б.Мотоо, уран барималчин С.Чоймбол нар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд барилгын хаалга, эмжээр, багана зэрэгт Монгол хэлбэр маяг оруулжээ. Уг барилгын ажилд гадаад дотоодын 1200 хүн оролцсон бөгөөд 1951 онд дууссан байна. 1954 онд Засгийн газрын ордны өмнө талд “Бунхант индэр”-ийг барьсан байна. Бунхант индэрийг 1954 оны 7-р сарын 8-ний өдрийн Сүхбаатарын талбайд ард нийтийн баяр болгон нээжээ. Улмаар амралт, ёслолын үеэр, хөдөлмөрчид, зочид төлөөлөгчид бунханд орж хүндэтгэл үзүүлдэг болсон байна.Энэхүү үзмэрийг ягаан өнгийн даавуун дээр үйсээр нааж урласан. Энэхүү үйсэн наамал дээр Засгийн газрын ордонг дүрсэлсэн бөгөөд урлаач маань эх орны төв хэмээн нэрлэжээ. Засгийн газрын ордны дээр улаан туг хийсэж буйгаар дүрсэлсэн нь үзэл суртлын өнгө аяс оруулсан.

ЗХУ-ын нэгтийн рубль

Үзмэрийн нэр: ЗХУ-ын нэгтийн рубль

Бүтээлч: ЗХУ

Огноо: 1947 он

Хэмжээ: Урт-12,5 см, өргөн-8,2 см

Материал: Цаас

Энэхүү үзмэр нь ЗХУ-д 1947-1961 оны хооронд нийт 14 жил хэрэглээнд байжээ. Тус үзмэрийн нүүр хэсэг буюу олон улсын хэлээр бичсэн хэсгийг И.И.Дубасов гэх уран бүтээлч, эсрэг талыг ЗХУ-ын гавъяат жүжигчин Игор Сергеевич Крилков нар дизайныг нь гаргажээ. Энэхүү рубль нь Оросын түүхэн дэх тав дах, Зөвлөлтийн түүхэн дэх хоёр дахь удаагийн хэвлэлтийн рубль юм. Дэлхийн 2-р дайны дараа ЗХУ-ын эдийн засгийн байдал хүндэрсэн байсан бөгөөд энх цаг залгаж буйгаас шалтгаалан, мөн дайны үед Нацист Германы зүгээс ЗХУ-ын эдийн засаг руу оруулсан их хэмжээний хуурамч мөнгөний эргэлтийг арилгахын тулд 1947 онд мөнгөний шинэчлэлт хийж, 1947 оны 12-р сарын 14-нөөс иргэдийн гар дээр байгаа мөнгийг хураан авч эхэлсэн байна. Ингээд 1947 онд 1, 3, 5, 10, 25, 100-ын хэмжээтэй шинэ мөнгөн тэмдэгтүүдийг хэвлэн гаргасан байна. Энэхүү мөнгөн тэмдэгтүүдийг 1961 он хүртэл хэрэглэсэн бөгөөд гол шалтгаан нь 1956 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Карель-Фин улс Зөвлөлт холбооны улсаас гарч, ЗХУ-ын автономит эрхтэй улс болж, ЗХУ 15 республиктай болсонтой шууд холбогдож, мөнгөн тэмдэгтийг дахин хэвлэж байжээ.

Түүхт Улаанбаатар

Үзмэрийн нэр: Түүхт Улаанбаатар

Бүтээлч: С.Сэнгээ

Огноо: 1974 он

Хэмжээ: Соёоны урт-162 см, өргөн-12,6 см

Материал: Мод, соёо

Энэхүү сийлбэрийг С.Сэнгээ БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын 50 жилийн ойд зориулж 1974 онд хийсэн бөгөөд зааны соёон дээр урласан. Зааны соёо нь хэврэг, амархан үйрдэг, олдоц багатай, үнэтэй байдаг учраас тухайн урлаж буй сийлбэрчнээс маш их нарийн ур чадвар шаарддаг байна. Уг сийлбэрийн уг хэсэгт “Улаанбаатар хотын 50 жилд” гэж уйгуржин монголоор бичсэн. Эхлэл хэсэгт лам ноёд, сүм хийд, феодалуудыг дүрсэлсэн байх бөгөөд тэднийг нэгэн хүчирхэг булиа эр нухчин дарж, гав дөнгөө хугачин хаян босож ирж байгааг харуулсан. Дунд хэсэгтээ ургаа мод дүрсэлсэн байх бөгөөд энэ нь ардын хувьсгалыг яг л уг мод шиг үндэс сайтай, дээшээ зогсохгүй ургана гэсэн санааг илтгэжээ. Үүнээс хойшхи дүрслэлд БНМАУ-ын үед боссон их бүтээн байгуулалтуудыг товойлгон харуулжээ. үнд тээвэр, хөнгөн, хүнд үйлдвэрүүд, бүтээн байгуулалт, хорооллуудыг дүрсэлсэн байх бөгөөд соёоны үзүүр хэсэгт Сүхбаатарыг гараа өргөж зогсож байгаагаар, цаана нь намирах туган дээр соёмбо тэмдгийг дүрслэн харуулжээ. Соёоны дунд хэсэгт цэцгээр суурь хийж өгсөн. Доод суурь нь саран хэт хэлбэртэй. Энэ нь Улаанбаатар хотыг сар шиг мандан гийж, хэт шиг бадран хөгжиж байхыг бэлгэджээ. Улаан өнгийн даавуун фонтой, нэг өнцөг нь ромбо хэлбэрийн, нэг тал нь тэгш өнцөгт хэлбэрийн хайрцагтай. Энэхүү сийлбэр нь Улаанбаатар хот дахь түүх, соёлын дурсгал, барилга байгууламжаар төлөөлүүлэн хотын хөгжил дэвшлийг харуулах, монголчуудад бүтээн байгуулалтуудаараа бахархах үзлийг шингээхийг зорьсон ба бүтээлийн уран нарийн хийц, загвар зохиомж, ашигласан материал зэрэг нь уг сийлбэрийг өвөрмөц, онцлог бүхий үнэт бүтээл болгодог юм. Мөн дэлхий нийтээр 1989 оноос хойш зааны соёо болон ясаар бүтээл хийх, бүтээсэн бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон учраас уг үзмэр нь цаг хугацаа улирах тусам үнэ цэнээ улам нэмэх бизээ.

Гэрэл тавигчид


Үзмэрийн нэр: Гэрэл тавигчид

Бүтээлч: С.Жамц

Огноо: 1964 он

Хэмжээ: урт-200 см, өргөн-125 см

Материал: Холст, тосон будаг

Энэхүү үзмэрт өргүүр дээр зогсож буй хоёр залуу 120 мянгатын авто машины замын гэрэлтүүлгэнд гэрэл тавьж буйг дүрсэлсэн. Зургийн цаад хэсэгт Богд хааны өвлийн ордон, наана нь үйлдвэр комбинат руу эргэх замын уулзвар, бэлэг дурсгалын гол дэлгүүр баригдаж буйг дүрсэлжээ.
Нийслэл хотын гэрэлтүүлгийн түүх ХХ зууны эхнээс эхтэй. 1909 онд Ар Монголын хүрээнд суух амбан сайдаар томилогдсон Сандо нь хүрээнд ирснийхээ дараа гудамжинд бие засахыг хориглож, анхны нийтийн бие засах газрыг байгуулж, мөн шөнөдөө гудамжуудад хятад дэнлүү өлгөж гэрэлтүүлж эхэлсэн нь нийслэл хотын гудамжны гэрэлтүүлгийн анхдагч үйл явдал юм. Харин БНМАУ-ын үед 1940 онд нийслэл хотын төв гудамжинд маршал Чойбалсангийн орон сууцны өмнөөс Зөвлөлт Холбоот улсын элчин сайдын яамны барилга хүртэл шөнийн цагт гэрэлтүүлэх цахилгаан гэрлийн шугамыг тавьж Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн түүх эхэлсэн байна.

Шинэ цирк

Бүтээлч: Д.Магсар

Бүтээсэн он: 1974 оны 10-р сарын 16

Хэмжээ: Урт – 64 см, Өргөн – 47,5 см

Материал: Тосон будаг

1971 онд Азидаа томоохонд тооцогдох циркийн барилгыг Румын улсын хөрөнгө оруулалтаар Улсын Их Дэлгүүрийн урд харалдаа барьжээ. Тус циркийн барилгын зураг төслийг архитекторч Б.Шархүү гаргасан бөгөөд хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэйгээр гаргаж байжээ. Дээврийг нь цэнхэр өнгөөр хийсэн учраас “Цэнхэр асар” хэмээн нэрлэгддэг байв.Уг зургийг Д.Магсар гуай 1974 оны 10-р сарын 16-нд зурсан бөгөөд улсын циркийг зүүн хойд талаас нь харан зуржээ.

Хүрээний нүүдэл

Үзмэрийн нэр: Хүрээ нүүдэл

Бүтээлч: Ү. Ядамсүрэн

Бүтээсэн он: 1961 он

Хэмжээ: Урт-65 см, өргөн-45 см

Материал: Гуаш

Зураач энэ бүтээлдээ уул ус байгалийн сайхныг маш тодоор өнгө ялган зурсан бөгөөд зургийн гол агуулга утга санаа нь хүрээний нүүдлийг харуулсан. 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур хэмээх газарт Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөн Шар бөсийн өргөө барьж өгснөөр одоогийн нийслэл хотын суурийг үндэслэжээ. Нийслэл хот маань Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу нийт 20-28 удаа нүүдэллэсэн бөгөөд 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. 1778 онд нэг удаагийн нүүдлийн зардлыг Эрдэнэ агсан тооцоолон гаргаснаас үзэхэд: Сэвэг цай 3389, тэмээ 20475, ачигч хүн 990, тус бүр сарын хүнстэй, модны дархан 30, төмрийн дархан 15, тус бүр хоёр сарын хүнстэй гаргаж байжээ. Сурвалжид Хүрээ нэг газар удтал оршин суухад тус газар бохирдож, өвчин тахал дэлгэрэн, ойр хавийн мод түлээг хядаж дууссан тул хүрээний лам нарын дараа төрөлд бэрхтэй болох зэрэг шалтгааныг дурьдсан байдаг. Гэвч хүрээний нүүдлийн үндсэн шалтгаан нь монголчууд эртнээс нааш нүүдэлчин соёл иргэншлээр замнаж ирсэнтэй холбоотой билээ.Монголд бий болсон олон хүрээ, хийд тэр бүр хот болон хөгжиж чадсангүй. Харин Их Хүрээ хот болон хөгжсөн нь нэгдүгээрт, Орос-Монгол-Хятадын худалдаа, харилцаа, цайны их зам дагуу суурьшсан, хоёрдугаарт, Монгол орны аж ахуйн байдалд гарсан өөрчлөлтүүдээс, гуравдугаарт газарзүйн байрлал буюу ойт хээрийн хамгийг урд цэг, говийн бүсийн хамгийн хойд цэг байсантай холбон тайлбарладаг.