Энхийн Улаанбаатар

Үзмэрийн нэр: Энхийн Улаанбаатар

Бүтээлч: Г.Ганбаяр

Огноо: 1984 он

Хэмжээ: Өндөр-81,5см, өргөн-78 см

Материал: Зэс, гууль, мод

Энэхүү үзмэрийг Г.Ганбаяр 1984 онд буюу Улаанбаатар хотын 60 жилийн ойд зориулан хийсэн бөгөөд зэсийг хөөлгөн хийсэн. Хар бор модон хүрээнд зэсэн хөөмлөө байрлуулжээ. Зэс хөөмлийн гол хэсэгт өлзий болон үүлэн хээтэй суурин дээр аав ээж хүү гурвыг дүрсэлсэн бөгөөд аав ээж нь хоёр нь төрийн соёмбыг гараараа дээш өргөн зогсож буйгаар, хүү нь гартаа тагтаа болон бөмбөг барин зогсож буйгаар дүрсэлжээ. Мөн соёмбын дээд талд таван хошуу шигтгэж өгснийг онцлох хэрэгтэй. Тэдний цаана Улаанбаатар хотыг дүрсэлсэн нь Улаанбаатар хотод буй гэр бүл бүхэн энэ гэр бүл шиг эв найртай, аз жаргалтай, амгалан тайван амьдрах болтугай гэсэн санааг бэлгэджээ. Уг зэс хөөмөл нь мөн гурван дугуй тоногтой. Эдгээрийг үүлэн хээ, өлзий хээ, навч цэцгээр чимэглэсэн. Дээд талын дугуй тоногт улаан дээлтэй, ногоон морьтой адуучин алсын бараа ширтэж буйгаар, баруун талын дугуй тоногт шар тугтай гэр тэрэгт хоёр үхэр хөллөснөөр, зүүн талын дугуй тоногт гэр, майхан сууцыг дүрслэн харуулжээ.

Гэр сийлбэр

Үзмэрийн нэр: Гэр сийлбэр

Бүтээлч: Д.Гэвшээхүү

Огноо: 1974 он

Хэмжээ: Өндөр – 46.5, Өргөн – 49 см

Материал: Мод

Энэхүү үзмэрийг сийлбэрч Д.Гэвшхүү 1974 онд буюу Улаанбаатар хотын 50 жилийн ойд зориулан сийлжээ. Уг гэр сийлбэр нь 5 хөлтэй, дугуй шалтай. Гэрийн хана дээврийг тойруулан түүхэн сэдэвт үйл явдлуудыг дүрсэлж, хээ угалзаар чимэглэн товойлгон сийлсэн. Гэрийн дээд хэсэгт таван хошуу сийлж, түүн дээр цац хэлбэрийн орой гаргаж өгсөн. Дээврийн хэсэгт ардын хувьсгалын түүхэн үйл хэргийг харуулсан цуврал таван зургийг сийлжээ. Таван зургийг хээ угалзаар чимэглэн, зааглаж өгсөн. Дээврийн хэсгийн эхний зурагт Улаанбаатар хотын 50 жилийн ойд гэж бичсэн. Хоёрдугаар зурагт Сүхбаатар, Ленин 2 уулзаж байгааг, дараагийн зурагт Сүхбаатарын цэргүүд хиагт хотыг чөлөөлөн, гамингуудыг хөөж байгаа талаар сийлэн үзүүлсэн. Дөрөвдүгээр зурагт Сүхбаатар болон хувьсгалын цэргүүд Нийслэл хүрээнд орж ирж байгаа дүр зургийг, сүүлийн зурагт ноёд түшмэд Сүхбаатарт мэхийн ёслож буйгаар дүрсэлжээ. Харин ханын хэсэгт Улаанбаатар хотын бүтээн байгуулалтуудыг ангилан дүрсэлж өгсөн. Ханын эхний зурган дээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, барилга байгууламж, үйлдвэрүүдийг дүрсэлсэн бол дараагийн зурган дээр газар тариалан, мал аж ахуйг, гурав дахь зурганд улсын дэд бүтэц, тээврийн хөгжил, сүүлийн зурагт улсын батлан хамгаалах зэвсэгт хүчний хөгжлийг дүрслэн харуулжээ. Энэхүү сийлбэрийн гол агуулга нь бидний эх орон нь бидний гэр орон юм, ардын хувьсгал нь бидний үргэлж санан хүндэлж явах ёстой оройн дээд үйл хэрэг бөгөөд бидний одоогийн тогтвортой хөгжил нь энэ үеэс эхлэлтэй гэдгийг тухайн үеийн үзэл суртлын үүднээс харуулахыг зорьжээ.

Брежнев

Үзмэрийн нэр: Брежнев

Бүтээлч: А.Цэрэнхүү

Бүтээсэн он: 1982 он

Хэмжээ: Өндөр-127 см, өргөн-68 см

Материал: Даавуу, өнгийн торго, зэс утас

1981 онд Зөвлөлтийн удирдагч Леонид Ильич Брежнев БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнагдахад түүнд зориулан уг бүтээлийг уран хатгамалч А.Цэрэнхүү 1982 онд тус торго, даавуу, зэс утсаар бүтээжээ. Уг хатгамалд ЗСБНХУ-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Ильич Брежневийг нүдний шилээ гартаа бариад ширээ түшин зогсож байгаагаар дүрсэлсэн бөгөөд амьд мэт тод томруун, уран нарийн оёж, уран зураг шиг дүрслэлийн ялгарлыг нарийн гарган хийсэн нь энэхүү бүтээлийг монголын орчин үеийн уран хатгамлын урлагт тодоор дуурсагдах гайхамшигт нэгэн бүтээл болгосон юм. Энэ хатгамал нь алтан боронзон хүрээтэй. Хатгамлыг тойруулан өнцөг булангийн хээ угалзаар чимэглэсэн. Мөн Брежневийн энгэрт түүний шагнуулж байсан медалиудыг дүрсэлсэн бөгөөд тэмдгүүдийн голд 1974 онд МАХН-ын 50 жилийн ойгоор БНМАУ-д айлчлахад нь олгосон “БНМАУ-ын хүндэт иргэн” цол тэмдгийг дүрсэлжээ.Брежнев нь 1966 онд анх удаа, 1974 онд БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор БНМАУ-д хоёр дахь удаагаа айлчилсан бөгөөд энэ айлчлалаараа Улаанбаатар хотод гэрлэх ёслолын ордон, залуу техникчдийн ордон, 3, 4-р хорооллыг бэлэглэж байсан билээ.

БНМАУ Мандтугай

Үзмэрийн нэр: БНМАУ Мандтугай

Бүтээлч: М.Чуваамэд

Огноо: 1974 он

Хэмжээ: Өндөр 94 см, өргөн-32 см

Материал: Хуш мод

Уг сийлбэрийг 1974 онд Урчуудын эвлэлийн хорооны сийлбэрч М.Чуваамэд хийжээ. Тус сийлбэрт гурван толгойтой, тас шувуун биетэй, махийсан хумстай гар, хөлтэй мангасыг монгол дээл хувцас, нөмрөгтэй нэгэн хүчирхэг баатар эр гишгэлэн дээш туг барин зогсож буйг дүрсэлсэн. Энэхүү гурван толгойгоор лам хуврага, тайж ноёд, харийн эзлэн түрэмгийлэгчдийг дүрсэлсэн бөгөөд гишгэлж буй баатар эрээр жирийн ард түмнийг тусгаар тогтнол, эрх чөлөөгөө эзэмшиж буй гэсэн утгаар дүрсэлсэн. Мангасын гар зууран буй далбааны хэсэгт сүм, дугана, хийдийг товойлгон гаргаж өгсөн бол баатар эрийн барьж буй далбаан хэсэгт социализмын үеийн бүтээн байгуулалтыг шигтгэн товойлгон гаргаж ирсэн нь бид хөгжлийнхөө дараагийн цоо шинэ замд явж буй гэсэн утга санааг гаргасан байна. Тугийн дээд оройд соёмбо тэмдгийг дүрсэлсэн.

Зэс дашмаг

Үзмэрийн нэр: Зэс дашмаг

Бүтээлч: Тодорхойгүй

Бүтээсэн үе: ХХ зууны эхэн үе

Хэмжээ: Урт-15,8 см, өргөн-11 см

Материал: Зэс, булигар

Аянд хэрэглэх зориулалттай, шингэн зүйл агуулах модон бөглөөтэй үүрэг сав, түүхий ширээр оёж, төөнөж хөөмөллөн хээлсэн савыг дашмаг гэнэ. Ширээр хийсэн дашмагийг нүүдэлчид эрт дээр үеэс хэрэглэж байсан бөгөөд харин сүүл үе буюу XIХ зууны үеэс Монголчууд металлаар хийсэн дашмагийг хэрэглэж эхэлжээ.Энэхүү дашмаг нь халх угсаатны зэс дашмаг. Уг зэс дашмаг нь энгийн хэрнээ чамин хийцтэй, аян замд ус авч явахад зориулагдсан. Дашмагийн төвгөр хэсгийн төв хэсэгт алхан хээ урлажээ. Уг хээгээ тойроод таван ширхэг сарьсан багваахайг дүрсэлсэн. Дорнын ухаанд сарьсан багваахайг аз жаргал ба сайн сайхан, эрүүл мэнд, эд баялгийн бэлэг тэмдэг болгодог бөгөөд магадгүй үүнтэй холбоотойгор манай зарим ахуйн хэрэглээ, гоёл чимэглэлийн зүйл дээр сарьсан багваахай дүрслэгдсэн байдаг. Таглаа нь нар буруу эргэж онгойдог бөгөөд нарийн зэс соруултай.

Ганлин бүрээ

Үзмэрийн нэр: Ганлин бүрээ

Бүтээлч: Тодорхойгүй

Огноо: ХIХ зууны сүүл, ХХ зууны эхэн

Хэмжээ: Урт-44 см, өргөн-7,5 см

Материал: Яс, гууль, төмөр, утас

Шашин номын хуралд хэнгэрэг, цан, үхэр бүрээний хамт үлээж, орчлон ертөнцийн мөнх бус, үхэл хагацал ирэхийг дурдан сануулах, 18 настай эмэгтэй хүний дунд чөмөгний ясаар хийдэг нэг зүйлийн хөгжмийн зэмсгийг ганлин бүрээ хэмээн нэрлэдэг. Ганлин бүрээ нь буддын шашны ёслол, зан үйлтэй холбогдож Төвдөөс орж иржээ.Энэхүү ганлин бүрээг 18 настай эмэгтэй хүний дунд чөмөгний ясыг полиосоор тоноглон, мөнгөөр бүрж хийсэн. Очир, арилд, зэндмэнэ, хорол, дэгүг зэрэг хээ чимэглэлтэй. Ганлин бүрээний дунд хэсгийг хар бор өнгийн утсаар ороосон. Ар хэсэгт гогцоо бүхий гархитай. Бүрээний ирмэг, утсаар ороосон дунд хэсгийн 2 талаар хамар угалз хээг гуулиар хийсэн. Уг бүрээний салаа булцуун дээр ажнай морины хамрын нүхийг дуурайлган хоёр нүх гарган урласан байх бөгөөд үлээхэд түүгээр сайн морины янцгаах мэт дуун гарч тэрхүү мориор Сухавадийн оронд очих, хүн зоны хойтын буюу энэ насны үйлийн үрийг номхотгон дарах учиртай хэмээн үздэг байна.

Луун бариултай жижиг домбо

Үзмэрийн нэр: Луун бариултай жижиг домбо

Бүтээлч: Тодорхойгүй

Бүтээсэн үе: ХIХ зууны сүүл үе

Хэмжээ: Өндөр-19,3, амсрын өргөн 5,7 см, ёроолын өргөн 8,5 см

Материал: Ган, гууль

Шингэн зүйл агуулах, цоргогүй хараатай савыг монголчууд домбо гэж нэрлэдэг. Домбоны амсрын дэрэвгэр хэсгийг хараа гэх бөгөөд домбо хараатай, хараагүй байна. Зэс, гууль, мөнгө, мод зэргээр тойруулан бэхэлснийг нь бүслүүр, барих өргөхөд зориулсан сэнжийг бариул, гол хэсгийг эх бие буюу хөвчин бие, цайны шаар шүүх ялгах хэсгийг шүүр гэнэ. Уг луун бариултай домбыг халх ястны дархны аргаар хийсэн. Гуулин гурван давхар бүслүүртэй ган домбо, хийц урлалын хувьд нарийн чамин, гоёл чимэглэлийн зориулалттай. Ган савхан төмрөөр эх биеийг хийж, гуулиар бүсийг нь хийсэн. Эх биетэйгээ нугасаар холбогдсон. Ангайж буй луун хэлбэртэй бариултай. Бүслүүр бүрд өөд өөдөөсөө харж буй 2 лууг товойлгон дүрсэлсэн. Хараан дээрээ галаар тургиж буй луу дүрсэлсэн. Тус домбыг хэн хэзээ хаана хэрхэн бүтээсэн болох өв залгамж нь тодорхойгүй.

Янтай, цоож

Үзмэрийн нэр: Янтай, цоож

Бүтээлч: Тодорхойгүй

Бүтээсэн он: ХХ зууны эхэн

Хэмжээ: Янтай урт 8,9 см, өргөн 5,6 см, жин 190 гр, цоож Урт 1,9 см, өргөн 1,7 см, 14 гр жинтэй

Материал: Төмөр

Улаанбаатар хотын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй уг янтай, цоож нь ХХ зууны эхэн үеийн Хүрээний уран дархчуудын урласан сор бүтээлийн нэг юм. Янтайн дээд хэсгийг арван хоёр жилийн амьтанаар хүрээлж, түүний дотор талд дөрвөн хүчтэн, эвтэй дөрвөн амьтныг сийлж шармалдан, савны хоёр хажуу талыг цэцгэн хээ угалзаар чимэглэн өнгө зохилдлого, хийц загварыг нарийн гаргаж өгчээ. Цоожны нүүрэн хэсэгт товойлгон гаргаж шармалдсан арслангийн дүрстэй. Янтай нь бичиг, номын хүмүүсийн хэрэглэдэг хүмүүсийн бэх хийх зориулалт бүхий сав юм. Харин энэхүү цоож нь монголын музейнүүдэд хадгалагдаж байгаа хамгийн жижиг цоож юм.

Мэлхий хөшөө загвар

Үзмэрийн нэр: “Мэлхий хөшөө” загвар

Бүтээлч: Д.Наранжав

Огноо: 2008 он

Хэмжээ: урт-29,7см, өргөн-17,8 см, өндөр: 63,5 см, жин: 18240 гр

Материал: Шахмал чулуу

Энэхүү үзмэр бол 1994 онд Улаанбаатар хотын 355 жилийн ойгоор одоогийн Централ таурын баруун урд хэсэгт босгосон “Их хүрээний шав тавьсан газарт босгосон дурсгалын мэлхий хөшөө”-ний загвар юм. Уг хөшөөний эх зургийг бүтээгч барималч Д.Наранжав 2008 онд тус загвар үзмэрийг хийж, Улаанбаатар хотын музейд бэлэглэжээ.Пайлуур хөшөө нь суурь, мэлхий хөшөө, пайлуураас бүрдэнэ. Суурины гол нь гэрийн буурийг бэлгэшээсэн бөгөөд Төрийн шагналт, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хойчийн хүмүүс мэдтүгэй, Монголчууд нийслэлээ товлон шав тавьсан газар энэ болой” гэсэн үгс байдаг. Яст мэлхий нь дорно дахины хот байгуулалтын түүхэнд хот энх амгалан, аливаа муу юманд өртөлгүйгээр урт удаан оршин тогтнохыг бэлгэдсэн утгатай байдаг. Пайлуурын дөрвөн талд уйгаржин бичгийн эвхмэл хэлбэрээр: “Өргөө-Номын хүрээ” “Их хүрээ” “Нийслэл хүрээ” “Улаанбаатар” гэж Нийсэл хотыг маань нэрлэж байсан нэрийг тус тус бичжээ.

Гуулин пүрэв

Үзмэрийн нэр: Гуулин пүрэв

Бүтээлч: Уран дархан Чүлтэм-Осор

Бүтээсэн он: 1913 он

Хэмжээ: Урт-19,4 см, өргөн-4 см

Материал: Гууль

Пүрэв гэдэг нь гадас гэсэн утгатай төвд үг бөгөөд металлаар цутгаж хийдэг, очир бариултай гурвалжин шор хутгыг хэлдэг. Пүрвээр муу ад зэтгэрийг дарах, сор залахад сороо гал руу чулуудаад хойноос нь хар хадагтай пүрвээр хий дарах байдал үзүүлэх шашны зан үйл хийдэг. Мөн газар хэмжих, хөндөх үйлд хэрэглэнэ. Энэхүү пүрвийг Нийслэл хүрээний дархан Түнгээгийн Шар гэдэг Чүлтэм-Осор хийсэн бөгөөд хийцийн хувьд нарийн, догшин бурхны толгойд очир хэлбэрийн эх бие залгаж, ээтэн хамартай амьтны амнаас урт өргөн жад цухуйсан ба жадан дээр нь мушгирсан могойг товойлгон сийлсэн. Догшин бурхны толгойн титэм нь таван хохимой толгойтой.

Хатан туул сийлбэр

Үзмэрийн нэр: Хатан туул

Бүтээлч: Д.Төртогтох

Огноо: 1978 он

Хэмжээ: урт-39,7см, өргөн-59 см

Материал: Нарс мод

Энэхүү сийлбэрт бадамлянхуа цэцгэн суурин дээр богтог малгайтай, дээлтэй бүсгүй хүнийг дүрсэлсэн байх бөгөөд бясалгаж буй аятай нэг гараа урдаа аван зогсжээ. Толгой дээр нь бадамлянхуа цэцгэн суурьтай, арга билгийн хос загас, чаньмань эрдэнийг дүрсэлсэн. Бадамлянхуа нь зөөлөн, анхилуун тансаг үнэртэй, сэрүүн цэнгэг нуурын тунгалаг усанд ургадаг бөгөөд энэхүү цэцэг нь бурхан багшийн ариун цэцэг хэмээгддэг бол хос загас нь буддын шашинд эв найр, энх амгалан байж, бодь зам мөрөөр явах ёстойг бэлгэддэг. Дөрвөн талаараа усан хээ, үүлэн хээ, өнцөг булангийн хээг сийлжээ. Бүсгүйн араар уулан хээ, мөн Улаанбаатар хотын барилга байшингуудыг дүрсэлжээ. Сийлбэрийн гол утга нь Хатан туул голыг хүншүүлэн бүсгүй хүн /эх хүн/ болгон дүрсэлсэн бөгөөд Туул голын сав хөндийгөөр бидний өвөг дээдэс эрт үеэс амьдрахаар ирсэнд Туул гол эх хүн шиг биднийг тэжээн тэтгэсээр байна гэсэн санааг илэрхийлжээ. Мөн домог туульсуудад Туул голыг эмэгтэй савдагтай гэж ярьсаар ирсэн. Бүсгүйн ар талаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг дүрсэлсэн нь байгаль дэлхий, барилга байгууламж хоёр эв найрамдалтай зэрэгцэн оршиж буй гэсэн санааг давхар харуулжээ.

Хангарди

Үзмэрийн нэр: Хангарди

Бүтээлч: Г.Цогбаяр

Огноо: 2008 он

Хэмжээ: Урт-81см, Өргөн-58см

Материал: Мод

Монголчууд бид эртнээс уул ус, газар шороо, байгаль дэлхийгээ шүтэн хайрлаж, тэдгээр нь цөм өөрийн гэсэн эзэнтэй гэж итгэн үнэмшиж ирсэн билээ. Монголчуудын эртнээс нааш сүсэглэж ирсэн хайрхны нэг нь Өмнийг тэтгэгч цагаан лавай буюу Богд Дүнжингарав хайрхан юм. Уг хайрхны амьтан төрхтэй эзэн савдгийг жигүүртний хаан Хангарди, харин хүн төрхтэй эзэн савдгийг цагаан морь унасан цагаан өвгөн гэж бэлгэддэг. 1956 онд эрдэмтэн зохиолч Б.Ринчен гуай нэгэн өгүүлэлдээ Богд уулын онгон савдаг Хангарди болохыг дурдаад хотынхоо сүлдийг Хангардиар хийх санал дэвшүүлж байжээ. Харин 1995 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр нийслэл хотынхоо сүлд тэмдгийг “Хангарди шувуу” байхаар батлан шийдвэрлэсэн байна.Энэхүү үзмэр нь дөрвөн хүчтэний нэг, Богд Дүнжингарав хайрханы эзэн савдаг Хангардийг модоор сийлэн дүрсэлж хийсэн. Хоёр гартаа могой барин далавчаа дэлгэсэн байдалтай бөгөөд догшин төрхтэйгээр дүрслэн сийлбэрлэжээ.

Сувдан чимэгтэй зээгт наамал

Үзмэрийн нэр: Сувдан чимэгтэй зээгт наамал

Бүтээлч: Тодорхойгүй

Огноо: ХХ зууны эхэн

Хэмжээ: Урт-100 см, өргөн-80 см

Материал: Сувд, шүр, торго, даавуу, утас

Эх зургаа гарган, дээр нь урьдчилан бэлдсэн хэсгүүдийг олон төрлийн зээгээр зээглэж, наамлын аргаар бүтээсэн бүтээлийг “Зээгт наамал” хэмээн нэрлэдэг. Бишрэл хүндэтгэлийн агуулгыг илүү зонхилдог, голлох зүйлээ томоорч авч, бусдыг жижгээр тойруулан авах мягаар зохиомжлон урладаг учраас бурхны хөрөг, зохиомж дүрслэл илүү зонхилдог.Энэ үзмэр нь ХХ зууны үед бүтээгдсэн бөгөөд бүтээлч нь тодорхойгүй. Тус зээгт наамалд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан “Долоон нандин” шүтээний нэг болох Очирдара бурхныг дүрсэлжээ. Бүтэн очир завилгаа суудалтай, нэг мутартаа хонх, нэг мутартаа очир барьсан, хөх өнгөтэй учир зөөлөн амирлангүй тайван дүртэй, эрэгтэй бурхан. Очирдара бурхныг хамаг бурхны шинж байдлыг агуулсан учраас бурхан гэхээсээ илүүтэй шүтээн гэж үздэг. Зээгт наамлыг сувд шүрээр хэлхэж чимэглэсэн, дээд хэсэгт нь нар, сарыг дүрсэлж өгсөн. Бадамлянхуа суудалтай, цэцэг, навч, үүл тэнгэрийг тойруулан, өөрөөсөө гэрэл цацруулж буй маягтай дүрсэлсэн. Доод хэсэгтээ арга билэгийг билэгдсэн догшин дүртэй Дэмчиг бурхныг дүрсэлсэн. Очирдара бурхан нь тухайн үеийн нийслэл хүрээний гол шүтээн байсан бөгөөд одоо хүртэл Гандантэгчилэн хийдийн Батцагаан дуганы гол шүтээн хэвээр байгаа юм. Өдгөө Анхдугаар богд Г.Занабазарын “Долоон нандин” хэмээн нэрлэгддэг шүтээнүүдээс Очирдара бурхан, Ганжуурын Аюуш, Ноён шүтээний Манал, Дара эх, Намсрай, Майдар зэрэг бурхад Гандантэгчилэн хийдэд хадгалагдаж байна.

Д.Сүхбаатарын нууц бүлгэмийн байрны макет

Үзмэрийн нэр: Д.Сүхбаатарын нууц бүлгэмийн байрны макет

Бүтээлч: Ц.Ойдов

Бүтээсэн он: 1976 он

Хэмжээ: Урт: 44,5 см, Өргөн: 25 см, Өндөр: 25 см

Материал: Мод, картон, будаг

Тус түүхэн дурсгалт байшин нь 1907 онд баригджээ. 1918-1919 онд Нийслэл хүрээнд хувьсгалт нууц хоёр бүлэг бараг нэгэн зэрэг үүссэн бөгөөд С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Догсом, М.Дугаржав, Дэндэв, Мээрийн Галсан, Тогтох, Цэнд, Даш нарын хүмүүсээс бүрдсэн “Зүүн хүрээний нууц бүлгэм” энэхүү байшинд ажлаа эхлэн явуулж байжээ. 1921 оны 7-р сарын эхээр Ардын журамт цэрэг, улаан армийн ангиуд Нийслэл хүрээнд орж ирмэгцээ хувьсгалчдын үйл ажиллагаатай холбогдох уг байшинг мэдэлдээ авсан бөгөөд хожим 1920-иод оны сүүлчээр тус улсад шинжлэх ухааны эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх сувилагчийн анхны курс уг дурсгалт байшинд нээгдэн хичээллэж доктор П.Н.Шастин хичээл зааж байжээ. Уг байшинг засгийн газрын 2008 оны 175-р тогтоолоор нийслэлийн хамгаалалтад авсан ч 2011 оны 7-р сарын 11-ний орой буулгаж нураажээ.

Эх орны төв

Үзмэрийн нэр: Эх орны төв

Бүтээлч: Ц.Цагаан-Өвгөн

Огноо: 1984 он

Хэмжээ:Өндөр-48,1см,өргөн-34,5см

Материал: Үйсэн наамал

БНМАУ-ын Засгийн газар 1930-аад онд одоогийн Боловсролын их сургуулийн төв байранд байрлаж байв. Энэ байшинд Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хянан байцаах газар, зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байжээ. 1940-өөд оноос төрийн шинэ ордонг бариулахаар шийдвэрлэж ЗХУ-аас тусламж гуйх болжээ. Тусламж хүссэний хариуд ЗХУ бэлэн эскиз зурагнууд буй тухайгаа үзүүлсэн бөгөөд ЗХУ-аас авчирсан төрийн захиргааны барилгын бэлэн зургийг Засгийн газрын комисс нягтлан үзээд Монголын нөхцөл байдал, уламжлалд тохируулан зарим өөрчлөлт хийлгэжээ. Үүнд: Монгол инженер Б.Мотоо, уран барималчин С.Чоймбол нар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд барилгын хаалга, эмжээр, багана зэрэгт Монгол хэлбэр маяг оруулжээ. Уг барилгын ажилд гадаад дотоодын 1200 хүн оролцсон бөгөөд 1951 онд дууссан байна. 1954 онд Засгийн газрын ордны өмнө талд “Бунхант индэр”-ийг барьсан байна. Бунхант индэрийг 1954 оны 7-р сарын 8-ний өдрийн Сүхбаатарын талбайд ард нийтийн баяр болгон нээжээ. Улмаар амралт, ёслолын үеэр, хөдөлмөрчид, зочид төлөөлөгчид бунханд орж хүндэтгэл үзүүлдэг болсон байна.Энэхүү үзмэрийг ягаан өнгийн даавуун дээр үйсээр нааж урласан. Энэхүү үйсэн наамал дээр Засгийн газрын ордонг дүрсэлсэн бөгөөд урлаач маань эх орны төв хэмээн нэрлэжээ. Засгийн газрын ордны дээр улаан туг хийсэж буйгаар дүрсэлсэн нь үзэл суртлын өнгө аяс оруулсан.

Түүхт Улаанбаатар

Үзмэрийн нэр: Түүхт Улаанбаатар

Бүтээлч: С.Сэнгээ

Огноо: 1974 он

Хэмжээ: Соёоны урт-162 см, өргөн-12,6 см

Материал: Мод, соёо

Энэхүү сийлбэрийг С.Сэнгээ БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын 50 жилийн ойд зориулж 1974 онд хийсэн бөгөөд зааны соёон дээр урласан. Зааны соёо нь хэврэг, амархан үйрдэг, олдоц багатай, үнэтэй байдаг учраас тухайн урлаж буй сийлбэрчнээс маш их нарийн ур чадвар шаарддаг байна. Уг сийлбэрийн уг хэсэгт “Улаанбаатар хотын 50 жилд” гэж уйгуржин монголоор бичсэн. Эхлэл хэсэгт лам ноёд, сүм хийд, феодалуудыг дүрсэлсэн байх бөгөөд тэднийг нэгэн хүчирхэг булиа эр нухчин дарж, гав дөнгөө хугачин хаян босож ирж байгааг харуулсан. Дунд хэсэгтээ ургаа мод дүрсэлсэн байх бөгөөд энэ нь ардын хувьсгалыг яг л уг мод шиг үндэс сайтай, дээшээ зогсохгүй ургана гэсэн санааг илтгэжээ. Үүнээс хойшхи дүрслэлд БНМАУ-ын үед боссон их бүтээн байгуулалтуудыг товойлгон харуулжээ. үнд тээвэр, хөнгөн, хүнд үйлдвэрүүд, бүтээн байгуулалт, хорооллуудыг дүрсэлсэн байх бөгөөд соёоны үзүүр хэсэгт Сүхбаатарыг гараа өргөж зогсож байгаагаар, цаана нь намирах туган дээр соёмбо тэмдгийг дүрслэн харуулжээ. Соёоны дунд хэсэгт цэцгээр суурь хийж өгсөн. Доод суурь нь саран хэт хэлбэртэй. Энэ нь Улаанбаатар хотыг сар шиг мандан гийж, хэт шиг бадран хөгжиж байхыг бэлгэджээ. Улаан өнгийн даавуун фонтой, нэг өнцөг нь ромбо хэлбэрийн, нэг тал нь тэгш өнцөгт хэлбэрийн хайрцагтай. Энэхүү сийлбэр нь Улаанбаатар хот дахь түүх, соёлын дурсгал, барилга байгууламжаар төлөөлүүлэн хотын хөгжил дэвшлийг харуулах, монголчуудад бүтээн байгуулалтуудаараа бахархах үзлийг шингээхийг зорьсон ба бүтээлийн уран нарийн хийц, загвар зохиомж, ашигласан материал зэрэг нь уг сийлбэрийг өвөрмөц, онцлог бүхий үнэт бүтээл болгодог юм. Мөн дэлхий нийтээр 1989 оноос хойш зааны соёо болон ясаар бүтээл хийх, бүтээсэн бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон учраас уг үзмэр нь цаг хугацаа улирах тусам үнэ цэнээ улам нэмэх бизээ.