Олон улсын музейн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн Олон  улсын музейн өдрийг угтан Монгол цэргийн музейгээс уламжлалт арга хэмжээ болох цэргийн анги салбарын үйл ажиллагаатай танилцах, цэргийн албаны онцлог, жирийн цэргийн алба хаагчдын өдөр тутмын цагийн хуваарьт ажиллагааг үзэх, цэргийн ахуйд зочлон биеэр мэдрэх боломж олгодог  “Музейчид цэргийн албанд” танин мэдэхүйн аялалыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид зохион байгууллаа.

Аялалд Монгол цэргийн музей, Олон улсын музейн зөвлөлийн Монголын хороо, Байгалийн түүхийн музей, Соёлын Өвийн Үндэсний төв, Чойжин ламын музей, Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей, Угсаатны зүйн хувийн музей зэрэг музейнүүдийн төлөөлөл 20 шахам төлөөлөл хамрагдлаа.

Энэхүү танин мэдэхүйн аялалаар Зэвсэгт хүчний Сургалтын Нэгдсэн төв, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвөөр зочлон олон улсын хамтарсан сургалт дадлага, төрөл бүрийн мэргэжлийн сургалт, “ Цэргийн олимп” хэмээн нэрлэгддэг марш тактикийн тэмцээн явагддаг газар орон, тус ангийн нэг өдрийн үйл ажиллагаа, офицер, ахлагч, байлдагчийн сургалт бэлтгэл, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг тухай сонирхолтой аялал хийсэн юм.

Ангийн Соёлын төв, цэргийн гал тогоо, НҮБ-ын стандартын эмнэлэг, биеийн тамирын заал зэрэг нь хотоос алс зайд алба хаагчдын ажиллаж амьдрах  бүхий л боломж бүрдүүлсэн байгааг музейн төлөөлөл бахархан ярьж эр цэрэг, цэргийн албаар бахархаж, тэдний ажлын онцлог ололт, амжилтыг харж хавраар очсон хүмүүс өвлийн цасан шуурга, салхи жавар зэргийг нэгэн зэрэг үзэж ёстой л “цэргийн хүн” болохоо шахав.

Мөн аялалын хамт олон Зэвсэгт хүчний Зенитчдийн нэгдсэн сургалт дадлага-харвалтыг үзэж сонирхон дарийн утаа үнэрлэж, цэргийн нормт хоолыг амтархан зооглосон нь нэгэн мартагдашгүй дурсамж үлдээсэн үйл явдал боллоо.

Монгол цэргийн музейн удирдлага, хамт олонд “Музейчид цэргийн албанд” үйл ажиллагаанд  оролцон нэгэн өдрийг музейчидтэйгээ хамт өнгөрүүлэх боломж олгосонд Улаанбаатар хотын музейн зүгээс талархал илэрхийлж байна.

Recommended Posts