“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг улсын хэмжээнд өрнүүлж буй. Уг аяны нийслэл дэх хаврын хаалтын арга хэмжээг Багахангай дүүрэгт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, тус дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн, БХД-ийн Соёлын ордны дарга Б.Алтанцоож нар оролцов.
Энэ үеэр иргэдэд зориулан лекц, илтгэл хэлэлцүүлснээс гадна соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, Улаанбаатар хотын музейн “Өөрчлөгдөж буй Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын тоглолт зэрэг соёл, урлагийн үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн тус дүүргийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Улаанбаатар хотын музейн дэглэж бэлтгэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг 280 гаруй том хүн, 30-аад хүүхэд нийт 300 гаруй хүн үзэж сонирхов.
“Соёлын сэргэлт-2023” аяныг нийслэлийн дөрвөн дүүрэг болох Баянзүрх, Налайх, Багануур, Багахангайд зохион байгуулсан бөгөөд ирэх намраас бусад таван дүүрэгт зохион байгуулах юм.

Recommended Posts