Сан хөмрөгийн тооллого

Музейн сан хөмрөгийн Улсын тооллогыг амжилттай зохион байгуулж дуусав.

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2012 оны 74 дүгээр тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг Даргын 2012 оны А/506 дугаар захирамжаар батлагдсан Улаанбаатар хотын музейн сан хөмрөгийн улсын тооллогын салбар комиссын бүрэлдэхүүн 2012оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны хооронд сан хөмрөгийн улсын тооллого явуулж дуусав.

2012-2013 оны сан хөмрөгийн улсын тооллогоор 1110UBM0001, 1110UBM0002, 1110UBM0003 хувийн дугаартай ерөнхий бүртгэлд 746 дэсийн дугаартай 3340 тоо ширхэг, 3521 иж бүрдэл бүхий үзмэр, эд өлгийн зүйл тоологдон бүртгэгдсэнээс Үндсэн сан хөмрөгийн бүртгэлд 279 дэсийн 798 ширхэг, 961 иж бүрдэл бүхий үзмэр, эд өлгийн зүйл, Туслах сан хөмрөгийн бүртгэлд 467 дэсийн 2542 ширхэг, 2560 иж бүрдэл бүхий үзмэр, эд өлгийн зүйл тоологдон бүртгэгдээд байна.

УЛААНБААТАР – Энх цагийн бүтээн байгуулалт

УЛААНБААТАР – Энх цагийн бүтээн байгуулалт

гэрэл зургийн үзэсгэлэн (2013.10.24-11.15)

Дэлхий II дайн дууссаны дараа Улаанбаатар хот энх цагийн бүтээн байгуулалтад шилжив. Хүн төрөлхтөнд асар их гай гамшиг авчирсан дэлхийн дайн дууссан нь хотын хөдөлмөрчдөд төрөлх хотоо жинхэнэ ёсоор шинэчлэн байгуулж хөгжүүлэх сайхан боломжийг нээв.

1946 онд Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах урьдчилсан ерөнхий төлөвлөгөө СнЗ-ийн 47-р хуралдаанаар батлагдаж, энэ төлөвлөгөөнд хотын төв ба хөдөлгөөн ихтэй гол гудамжуудыг 24-30 метр өргөн, ердийн гудамжуудыг 15-22 метр өргөн байхаар бодож барилгажуулах, хотын төв хэсэгт барих барилгыг хоёроос дээш давхар байхаар бодож, ийм барилгуудыг төвийн хэсэгт нягтруулан барих, хотыг ногооруулах, цэцэрлэгжүүлэх ажлыг баруун тийш Холбооны яам (одоогийн Төв шуудан) хүртэл үргэлжлүүлэх, Их сургуулийн гудамж ба бусад гудамжинд мод тарих зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг заажээ.

Энх цагийн бүтээн байгуулалтын ажлын дагуу 1945-1950-иад онд Улаанбаатар хотын төв Д.Сүхбаатарын талбайн зүүн хойно МУИС-ийн барилга, түүний баруун талд 72 айлын сууц, талбайн зүүн хэсэгт Улсын төв театрын барилга, түүнээс урагш Гадаад яамны байшин, Төв поликлиник, арай зүүхнээр 1-р амаржих газар, төв талбайн баруун өмнө хэсэгт Улсын нийтийн номын сан, баруун талд Элдэв-Очирын нэрэмжит кино театр (одоогийн Хөрөнгийн бирж), Алтай зочид буудал (одоогийн Нийслэлийн Засаг даргын тамгын газар), хоймор талд нь Засгийн газрын ордны барилгыг барив. Улаанбаатар хотын төвийн хэсгийн анхны эдгээр барилгыг барьж байгуулахад олзлогдсон япон цэргүүдийг оролцуулж нэлээд ажлыг хийжээ. Мөн энэхүү бүтээн байгуулалтад монгол улсын барилгын цэрэг оролцож, Засгийн газрын 50 дугаар байр (одоогийн Их тэнгэрийн цогцолбор), Сүхбаатарын нэрэмжит офицерын сургууль (одоогийн ХААИС), Мах комбинат, Хивсний үйлдвэр, Савангийн үйлдвэр, Гутлын үйлдвэр  гэх зэрэг олон арван байгууламжийг барьж, хувь нэмэр оруулжээ.

Мөн Д.Сүхбаатарын нэрэмжит талбайг цардмал хучилттай болгож, төв дунд Д.Сүхбаатарын хөшөөг байгуулав. Үүгээр өнөөгийн Улаанбаатар хотын төвийн хэсгийн ерөнхий төрх бүрэлдэн бий болжээ. Дээрх хугацаанд Мах комбинатын барилгыг барьж, үйлдвэрийг ашиглалт оруулснаас гадна 8-16 айлын сууц, Төв Хорооны 23 айлын сууц, 30 дугаар барилга, Намын шинэ хүчний дээд сургууль, Пивоны завод, Модны заводын өргөтгөл, 8-р хорооны бага сургууль, Шинэ хүчний дээд сургуулийн клуб, гуанз, комбинатын ажилчдын клуб, Төмрийн заводын ажилчдын байр зэрэг олон барилгыг барьжээ.

Дайны дараа Улаанбаатар хотод барилга байгууламж, үйлдвэр завод, төмөр зам, цахилгаан станц, төмөр бетон гүүр, гудамж, талбай зэргийг шинээр барьж байгуулсан нь “орчин цагийн социалист хот” болоход ихээхэн түлхэц үзүүлжээ. Улмаар 1954 онд “Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөө” батлагдсанаар Улаанбаатар хотыг цоо шинээр барьж байгуулах ажил эхэлжээ.

##

“Индиана Жонс” Рой Чапмэн Эндрьюс Монголд: ТҮҮХ ҮРГЭЛЖИЛСЭЭР…

Эндрьюсийн цаг хугацааны аяллын түүх үргэлжилсээр…

Бүүр гайхамшигтай нь бүтэн зууныг ардаа орхисон ч Монголтой, монголчуудтай холбоотой Эндрьюсийн дэлхийн адал явдалт түүх үргэлжилсээр Та бидний сөхөж буй энэ зургийн цомгоор тантай дахин мэндчилж байна.
Байгаль судлаач натуралист, аялагч, зохиолч адал явдлын баатар Рой Чапмен Эндрьюс тэртээ Монголд хөл тавьж монголчуудын амьдралын гүнд аялахдаа нэгэн ховор дурсамжийг бидэнд үлдээсэн нь тухайн үед гэрэл зургуудын хальсанд буусан Монгол орон, монголчууд бидний эртний зан заншил, эгэл жирийн бор “Монгол” амьдрал юм. Энэ зургуудын эсгий гэрүүдийн хаалгаар дамжин Та 100 жилийн өмнөх Монголд зочлон, яг л сая гудамжинд таарсан хэн нэгэнтэй адил зүс царайтай, гэнэн цайлган нэгнийг олж харах бөгөөд дэлхийд нээлт хийсэн үлэг гүрвэлийн үлгэрийн мэт түүхийн гэрч болсон өдрүүдэд хамт аялна. Түүний зурганд бууж “патиарлагдсан” тэртээх он жилийн монголчуудын дүр төрхөөс хэрхэн аж төрж, амьдарч байснаа өгүүлэх түүхийг мэдэж, тэр үеийнхэн өнөөдөр монголчууд хэрхэн амьдарч буйг Та биднээс асуух харцыг ч бас олж харна.

(Индиана Жонс Рой Чапмэн Эндрьюс Монголд: ТҮҮХ ҮРГЭЛЖИЛСЭЭР… гэрэл зургийн цомгийн өмнөх үгийн хэсгээс
Төслийн хамтрагч, “АРИГҮ” компаний ерөнхий захирал, Эндрьюсийн түүхийн үргэлжлэлийг дэмжигч Лха.Ариунбат )

“Индиана Жонс” Рой Чапмэн Эндрьюс Монголд: ТҮҮХ ҮРГЭЛЖИЛСЭЭР… гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотын музей 2013 оны 6-р сарын 28-аас 10 сарын 1-ийг хүртэл гаргахаар боллоо.

  • Энэхүү үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар:
  • Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам,
  • ШУА-ын Палентологийн төв,
  • Соёл урлаг хөгжүүлэх сан,
  • Улаанбаатар хотын музей,
  • АРИГҮ Медиа,
  • “Айсуй элч” ТББ,
  • “Монголын Динозавр судлалын хүрээлэн” ТББ,
  • Гамма фото агентлаг ажиллаж
  • АНУ-ын Байгалийн Түүхийн Музей дэмжин гаргаж байгаа билээ.

“Автомашингүй өдөр” – 2013.03.31

“Автомашингүй өдөр”-ийг долоо хоногийн турш тэмдэглэнэ.

2013 оны 3-р сарын 31-ний өдөр  уламжлалт  “Автомашингүй өдөр”-ийг  дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна.  Энэ удаад “Автомашингүй өдөр”-ийг угтаж “3орчих хөдөлгөөний 7 хоног” өдөрлөгийг “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” гэсэн уриатайгаар 2013-оны 3-р сарын 24-өөс 29-ны өдөр хүртэл явуулахаар болсноороо онцлог юм. Энэ нь тухайн  өдрийг илүү өргөн хүрээнд хамруулж, хотын зорчих хөдөлгөөний талаарх иргэд, хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хандлагад илүүтэй анхаарал хандуулж байгаа явдал юм гэж зохион байгуулагчид үзэж байна. “Автомашингүй өдөр” ба түүнийг угтсан 7 хоногийг  ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн гэрээт байгууллага, ЗЦГ, МОХ, МЗХ, Дугуйчдын холбоо, “Монгол даатгал” компани, “Скайтел” үүрэн телефоны компани, НЗДТГ болон  харъяа агентлаг,газар, дүүргүүд  хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд 24-ний Ням гарагийг  Улаанбаатар хотын музей нээлттэй хаалганы өдөр болгон иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

 

Дэлхийн олон улс оронд автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд дэлхий нийтээрээ “Clean Air-it’s your move!” буюу “Цэвэр агаар-таны зорчих сонголт” гэсэн уриатай байна.

Тус өдрийн хүрээнд хийгдэх ажлын хөтөлбөрийг дэлгэрэнгүйгээр доорхи хүснэгтүүдээс харна уу.

“Автомашингүй өдөр”, түүнийг угтсан  7 хоногийн хөтөлбөр.

3-р сарын 24-ний
Ням гарагт
Явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр
·         “10,000 алхам” мини аялал, нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах

  • ММСС, ЭМТ, НЭМГ, ЗХУТ, НТГ, ЗЦГ, УБ хотын номын сан, УБ музей, Монголын хүүхдийн ордон, Дугуйчдын холбоо
3-р сарын 25-ны
Даваа гарагт
Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр
·         Дуут дохио дуугаргахгүй, дүрмээрээ соёлтой явахыг уриалах
·         “Зам тээврийн ослыг бууруулахад залуучуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг
·         Зам тээврийн ослын үр нөлөөний талаар телевизийн 20 минутын нэвтрүүлэг бэлтгэн, цацах
3-р сарын 26-ны
Мягмар гарагт
Гарцаар гарах өдөр
·         Гарцаар гарах иргэдэд сайн дурынхан туслах, гарцаар гарахыг уриалах
3-р сарын 27 –ны
Лхагва гарагт
Унадаг дугуйн өдөр
·         Дугуйн дэлгүүр, клубүүд өөрсдийгөө сурталчлах өдөр
·         “Монгол Даатгал” компаниас тодорхой газарт замын тэмдэглэгээг тодруулах
·         Хэвлэл мэдээллийн хэрэгслээр унадаг дугуйн талаар мэдээлэл цацах
3-р сарын 28-ны
Пүрэв гарагт
Зам тээврийн мэдээлэл сургалтын өдөр
·         “Зам тээврийн осол гэмтлээс хүүхдийг сэргийлж, хамгаалъя” ухуулга нөлөөллийн уулзалт
3-р сарын 29-ний
Баасан гарагт
Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих өдөр
·         Нийтийн тээврийн үйлчилгээний талаар сурталчлах
·         Нийтийн тээврийн үйлчилгээний соёлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах
3-р сарын 31-ний
Ням гарагт
Автомашингүй өдөр буюу Машинаас татгалзах өдөр
·         Баруун 4 замаас Зүүн 4 замын уулзвар, Бага тойруугийн Хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг 10:00-17:00 цагт хязгаарлах
·         Иргэдэд эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлэх сургалт
·         Сургуулийн өсвөр насны хүүхдүүдийн дунд талбайн зургийн уралдаан
·         Оюутнуудын дунд хөгжөөнт тоглоом, оюутнуудын жагсаал
·         Задгай кафен үйлчилгээ
·         Сүхбаатарын талбай дээр 12.00-14.00  хооронд өдөрлөг(урлагийн тоглолт, 1000 дугуйн парад, гоёмсог дугуй шалгаруулах, олон нийтийн гүйлтийн тэмцээн, унадаг дугуйн уралдаан, ухаалаг зорчилт байгууллага шалгаруулах г.м)

Манай оронд ирэх долоо хоногийн турш явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр, гарцаар гарах өдөр гэх мэт хөтөлбөрүүдийн хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулах ба дүүрэг тус бүр өөрийн заасан талбайд үйл ажиллагаа явуулна:

Чингэлтэй дүүрэг: Тусгаар тогтнолын талбайд байрлаж, Гэсэр сүмийн уулзвараас Их сургуулийн 1-р байрны уулзвар хүртэл

Сүхбаатар дүүрэг: Мэдээллийн технологийн үндэсний паркын өмнөх талбайд байрлаж, Их сургуулийн 1-р байрны уулзвараас Чингис зочид буудлын уулзвар хүртэл

Баянзүрх дүүрэг: Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Зүүн 4 замаас Боловсролын их сургуулийн уулзвар хүртэл

Сонгинохайрхан дүүрэг: Номин их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Боловсролын их сургуулийн уулзвараас Номин их дэлгүүр хүртэл

Баянгол дүүрэг: Улаанбаатар их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Баруун 4 замаас Номин их дэлгүүр хүртэл

Хан-Уул дүүрэг: Драмын театрын урд талд байрлаж, Сөүлийн гудамжинд тус тус зохион байгуулагдана.

 

Нийслэлийн хувьд автомашингүй өдрийг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, хотын зорчих хөдөлгөөний талаарх иргэд, хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хандлагад илүүтэй анхаарч байгаа гэнэ. Машингүй өдрөөр Энхтайвны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Бага тойруугийн хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөөнөөс дотогш 10-17.00 цагийн автомашинаар зорчихыг хязгаарлах ажээ.

Энэ өдөр автозамын хөдөлгөөн хязгаарлагдсан бүсэд “Эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлэх” сургалт, өсвөр насны хүүхдүүдийн дунд талбайн зургийн уралдаан, оюутнуудын дунд хөгжөөнт тоглоом, жагсаал зохион байгуулж, задгай “Кафе”-аар үйлчилнэ. Мөн Сүхбаатарын талбайд 12.00-14.00  хүртэл  урлагийн тоглолт, 1000 дугуйн парад, гоёмсог дугуй шалгаруулах  болон нийтийн гүйлтийн тэмцээн, унадаг дугуйн уралдаан, “Ухаалаг зорчилт” байгууллага шалгаруулах өдөрлөг болох юм.

Дилав хутагт Б.Жамсранжавын 129 насны ойн үзэсгэлэн

Дилав хутагт Б.Жамсранжавын лагшин мэндэлж, мэлмий гийсэн 129 насны ойн өдөрт зориулан дараахь арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

2012 оны 10-р сарын 08-ны өдөр

  • 10 цагт: Мамба дацан хийдэд Дилав хутагт Б.Жамсранжавт зориулсан Цогчин хурал
  • 11.30 цагт: Улаанбаатар хотын музейд үзэсгэлэнгийн нээлт

Ч.Баяраа – Дурсамж 45 жил үзэсгэлэн

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 45 жилийн хүрээнд зохион байгуулж буй МҮОНТ-ийн ууган кино зураглаач Чойжилын Баяраагийн “Дурсамж 45” гэрэл зургийн үзэсгэлэн 2012.09.25-ны 11.00 цагт тус музей дээр нээлтээ хийх гэж байна.

Вэбсайт

Уучлаарай. Манай вэбсайт техникийн алдааны улмаас түр ажиллахгүй байсан бөгөөд өмнө оруулсан мэдээллүүд байхгүй болсон тул шинээр оруулж байна. Мэдээллүүдээ хоёр долоо хоногийн дотор оруулж дуусах болно.