Энэ удаагийн цувралаар Улаанбаатар хотод урлаг, уран сайхан, соёлын үйлчилгээ нэвтэрсэн тухай хүргэж байна.
#18 МҮЭ-ИЙН СОЁЛЫН ОРДОН (1975)
БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн барилгын нэгдсэн хоёрдугаар трест (СОТ-2) уг барилгыг барьж 1975 оны 11 дүгээр сарын 5-нд ашиглалтад оруулжээ. Мөн уг барилгыг Бүх Холбоотны Үйлдвэрчний эвлэлээс Монголын Үйлдвэрний эвлэлд бэлэг болгон өгчээ. МҮЭ-ийн Соёлын ордонд дуу хөгжим, драм, бүжиг, цирк, уран зураг, гэрэл зураг, гар ба сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар, уран сайхны болон спортын гимнастик зэрэг урлаг, уран сайхан, биеийн тамирын 20 гаруй дугуйлан, секц, хамтлаг хичээллэдэг байв. Түүнчлэн олон улсын болон улсын чанартай арга хэмжээг зохиож иржээ. МҮЭ-ийн соёлын ордон 1991 оноос санхүүгийн бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Бичвэрийн эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он.