БОГДЫН ХҮРЭЭ ХОТЫГ ДҮРСЭЛСЭН МОНГОЛ ЗУРАГ (XVIII-XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕ) ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Хуваалцах

Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар хотын музей” “Монгол Арт галерей хамтран” “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг (XVIII-XX зууны эхэн үе)” сэдэвт тусгай үзэсгэлэнг 2025 оны 2 дугаар сарын 7-ны энэ өдөр Монгол Арт галерейд нээх ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Нээлтийн арга хэмжээг нээж НСУГ-ын дарга Э.Цэнд-Аюуш, Монгол арт галлерейн гүйцэтгэх захирал П.Батжав нар үг хэлж, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн дэд хамба Жонан ханчин гэгээн гавж Гүнсэнчойжидагва НСУГ-ын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Жанцансамбуу, Болд группын ерөнхийлөгч Х.Болд, МУУГЗ, Ардын зураач Ү.Дунбүрээ, МУ-ын СГЗ, МУЭ-ийн шагналт зураач П. Цэгмид, Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан, “Улаанбаатар хотын музейн” захирал П.Даваасүрэн зэрэг албаны хүмүүс уран бүтээлчид оролцлоо.Тус үзэсгэлэн 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэн гарна. 2 дугаар сарын 7-ны өдөр нээж буйн учир нь, одоогоос 113 жилийн өмнө, өвлийн сүүл сарын 20-ны өдөр буюу аргын тооллын 2 дугаар сарын 7-ны өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрлэж, Монгол Улсын нийслэл хотоор өргөмжилсөн юм.
Энэхүү тусгай үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын музей, Монгол Арт галерей ажиллаж буй бөгөөд тус үзэсгэлэнд Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей, Монгол Арт галерей, Үндэсний төв архив, Үндэсний номын сан, Швейцар Улсын Базел хотын Соёлын музей зэрэг гадна, дотны музей, архивын сан хөмрөг, хувийн цуглуулагчдад хадгалагдаж буй Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 шахам монгол зургийн бүтээлийг анх удаа нэгдсэн байдлаар дэлгэн үзүүллээ.
ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн энэхүү бүтээлүүдээр дамжуулан Богдын хүрээ ямар хот байсан, монгол зурагт хэрхэн дүрслэгдсэн, эдгээр бүтээлүүд ямар үнэ цэнтэй зэргийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.
Энэхүү үзэсгэлэн нь 1) Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг, 2) Богдын хүрээ хотыг харуулсан гэрэл зураг, 3) Видео танхимд үзүүлэх баримтат нэвтрүүлэг гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.
Тус үзэсгэлэнд 1870-аад оны үед Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” хэмээх шинээр олдсон монгол зургийг анх удаа эх хувиар олон нийтэд 7 хоногийн хугацаатай дэлгэн үзүүлэх бөгөөд Их хүрээ хотыг дүрслэн харуулсан энэхүү баялаг өгүүлэмжтэй, гайхамшигтай монгол зургийг дахин шинээр амилуулсан хуулбар зургийг нээх ёслолын ажиллагаа бас боллоо. Уг шинэ хуулбар зургийг Монгол Арт галерейн зураач Ц.Оюун-Эрдэнэ дөрвөн жилийн хугацаанд бүтээж, мөн сүүлийн гурван жил Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярын хамт түүх, зураг урлалын судалгааг хийж олны хүртээл болголоо.

Хуваалцах
This entry was posted in news. Bookmark the permalink.