УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙД ТҮҮХЭНДЭЭ БАЙГААГҮЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ШАТ ДАРААТАЙ ХИЙГДСЭЭР БАЙНА

Хуваалцах

Нийслэл Улаанбаатар хотын түүх, өв соёлыг хадгалан, хамгаалж, сурталчлан таниулдаг, эрдэм шинжилгээ, хот судалгааны төв ,соёлын байгууллага болох “Улаанбаатар хотын музей” нь байгуулагдсан цагаасаа эхлэн томоохон засвар шинэчлэлтийн ажил огт хийгдээгүй ирсэн гэхэд болно.
Харин 2022 оноос музейн удирдлагын зүгээс Нийслэлийн удирдлагуудад насжилт өндөртэй барилгад засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлагатайг удаа дараа уламжлан асуудал дэвшүүлсний үр дүнд Нийслэлийн төсөвт шаардагдах санхүүжилтийг суулгуулан шийдүүлж, “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар” нээлттэй тендер зарлаж гүйцэтгэгчээр “Онь-Тэнгэрийн бичиг” ХХК /2022-2024 онд/ шалгаран ажилчдын 2 өрөөнд дотоод засвар хийгдсэн бөгөөд ажилтнуудын албан хэрэгцээний шаардлага хангахгүй ашиглалтын хугацаа нь дууссан зарим тоног төхөөрөмж, сандал ширээг сольж шинэчилсэн билээ.
Мөн музейн дохиолол хамгаалалт, аюулгүй байдлыг хангах зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны санхүүжилт, дэмжлэгээр 2024 онд гадна, дотор талд нийт 18 ширхэг иж бүрэн камерыг суурилуулж, 2025 онд байгууллагын дотоод нөөц бололцоонд тулгуурлан явган хүний зам тавин, зорчих хэсгийн талбайн эвдрэлтэй зарим хэсгийг цементэн хучилттай болгон бордюрыг шинэчлэх зэрэг ажлыг тус тус хийж гүйцэтгээд байна.

Энэ онд “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т музейн барилгыг сэргээн засварлаж, иргэд жуулчдын сэтгэл ханамжийг бүрдүүлсэн ая тухтай орчин нөхцөлөөр хангана гэсэн заалтыг тусгуулсан. Улмаар үзэсгэлэнгийн хоёр танхимыг бүрэн засварлах, сангийн шугам хоолойг солих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих налуу шат барих, ариун цэврийн өрөөний иж бүрэн засвар зэрэг ажилд Нийслэлийн төсвөөс 130,6 сая төгрөгийн санхүүжилт шийдүүлснээр “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар” нээлттэй тендер зарлаж “Гурван-гис” ХХК тендерт шалгаран батлагдсан ажлын зургийн дагуу энэ оны 06 дугаар сараас 08 дугаар сарын 01-ний өдөр бүрэн хийж гүйцэтгэсэн нь томоохон шинэчлэлтийн эх суурь боллоо.

Бид цаашид музейн барилгын пасад, дээврийг бүрэн шинэчлэх, мөн гадна талбайн орчны тохижилтын иж бүрэн зураг төсөв /түүхэн барилгын сэргээн засварлалтын мэргэжлийн компаниар/ хийлгүүлэх, шаардагдах төсвийг Нийслэлийн төсөвт суулгуулж, улмаар хуучирч муудсан түүхэн барилгыг үндсэн хэв маягийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлах ажлыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна.
Дашрамд дурдахад 1918 онд хувийн сууцны зориулалтаар баригдсан, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт уг барилга нь 1956 оноос “Улаанбаатар хотын музей”-н зориулалтаар ашиглагдаж байгаа төдийгүй ирэх 2026 онд 70 жилийн ойтойгоо золгох юм.

Хэдийгээр Улаанбаатар хотын музейн барилга иж бүрэн сэргээн засварлагдаж байгаа нь сайн хэрэг ч зай талбай багатай учир нийт үзмэрийнхээ дөнгөж 4 хувийг нь нийтэд дэлгэн үзүүлж, зориулалтын бус хадгалалт хамгаалалтын горим зөрчсөн эрсдэлтэй орчинд дийлэнх үзмэрүүд хадгалагдаж байгаа нь харамсалтай байна. Цаашид 385 жилийн түүхтэй улсын Нийслэлийн музей нь зориулалтын, их багтаамж бүхий шинэ байртай болох зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсээд байгаа болно.Үе үеийн хотын дарга нарын бодлогын гадна орхигдож ирсэн их хотын музей нь ийнхүү түүхэндээ анх удаа санал санаачилга гарган үзэсгэлэнгийн танхимууд, ариун цэврийн өрөөнд иж бүрэн (эрэгтэй, эмэгтэй) засвар хийлгэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам тавин тэгш хүртээмжтэй байдлыг бүрдүүлсэн нь иргэд, үйлчлүүлэгчид, жуулчдын талархлыг хүлээж байна.
Түүх, соёлынхоо үнэт өвд хүндэтгэлтэй хандаж, иргэдэд тохь тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэн, их хотынхоо музейн хөгжил дэвшлийн төлөөх бидний ажлыг бодлогоор дэмжин шат дараатай шийдвэрлэж буй Хотын дарга, удирдлагуудад музейн хамт олон, үйлчлүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол улс ондоошилтой аугаа түүх соёлын арвин өв соёлтой улс орон. Тэр дундаа Улаанбаатар хот гэдэг их айл өөрөө түүхэн цаг хугацааны өв соёлын давтагдашгүй арвин их сан хөмрөгтэй бөгөөд түүнийг Улаанбаатар хотын музей хадгалан хамгаалж, баяжуулан хүүхэд залуучууд, дотоод гадаадын иргэд, жуулчдад сурталчлан таниулдаг соёлын үйлчилгээний байгуулага төдийгүй, хот судлалын үндэсний томоохон төв болон хөгжин дэвжих учиртай.

 


Хуваалцах
This entry was posted in news. Bookmark the permalink.