“УЛААНБААТАР-ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ,  ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ” –д УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙГЭЭС ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” -ыг амжилттай зохион байгууллаа.

Уг форумд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт-Улаанбаатар” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Шинэ сэргэлт Монголчуудын, Улаанбаатарчуудын шинэ хандлагаас, асуудлаа харж буй өнцгөөс эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ онцолж байлаа.

Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, түншлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Энэхүү форумд Улаанбаатар хотын музейгээс “ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ УЛААНБААТАР” гэрэл зураг, үзмэр эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн зохион байгуулж оролцлоо.

Үзэсгэлэнд Цам харайх ёслол, Майдар эргэх ёслол зэрэг шашны зан үйл, Нийслэл хүрээ, Улаанбаатар хотод болсон томоохон үйл явдал, бүтээн байгуулалт, хотын хөгжил, дэвшил, өөрчлөн байгуулалтын үеийг харуулсан түүхэн 30 гэрэл зураг тавигдахаас гадна түүхэн онцлох үйл явдлыг гэрчлэх баримтуудыг дэлгэн үзүүллээ.

Үзэсгэлэнг форумын үйл ажиллагааны 400 гаруй зочид төлөөлөгч үзэж танилцлаа.