СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ, НИЙТЛЭЛЧ Д.ДАМДИНЖАВЫН “СУУ БИЛГИЙН СУДАР-СУУТ НУУЦ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ, НИЙТЛЭЛЧ Д.ДАМДИНЖАВЫН “СУУ БИЛГИЙН СУДАР-СУУТ НУУЦ” НОМЫН НЭЭЛТ ХОЁРДУГААР САРЫН 22-НЫ ӨДӨР БОЛЛОО

Номын нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын даргын зөвлөх Б.Эрдэнэбаяр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл, Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн нарын албаны хүмүүс оролцлоо.

“Суу билгийн судар-Суут нууц” ном нь тэргүүн, дэд, гутгаар гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эрт эдүгээгийн алдарт эрхмүүдийн нууц суу билгийг уудлан нээсэн нэн шинэ бүтээл гэдгээрээ онцлогтой.

Урьд хожид хаана ч гараагүй, хэний ч ухаж олоогүй суут нууцыг уудлан өгүүлэх тус номын “Цаг хугацаагаар аялагч цагаан Хангарьд” тэргүүн дэвтэрт Аригбөх хаан, Өндөр гэгээн Г.Занабазар, Галдан бошигт хаан, Манлай баатар Ж.Дамдинсүрэн, VIII Богд Жавзундамба, Солийн Данзан, Ринчиний Чойном, Юмжаагийн Цэдэнбал, Бямбын Ренчин нарыг онцолсон байна.

Харин “Нууцын авдарт архирах улаан арслан” дэд дэвтэрт Хубилай сэцэн хаан, Хорлоогийн Чойбалсан, Ноён хутагт Данзанравжаа, Чин Ван Ханддорж, Очирбатын Дашбалбар, Модун Шаньюй, Санжаасүрэнгийн Зориг, Пэлжидийн Гэндэн, Дилав хутагт Жамсранжавын тухай өгүүлэх юм.

“Хөлгөн их түүхийн оньс тайлагч хөх чоно” гутгаар дэвтэрт Чингис хаан, Жамуха сэцэн, Сорхугтани бэхи хатан, Догсомын Бодоо, Тогоонтөмөр хаан, Дашдоржийн Нацагдорж, Шударга баатар Бавуужав, Цэндийн Дамдинсүрэн, Лодонгийн Түдэв нарын тухайх онц сонирхолтой, нууцыг тайлжээ.

“Суут нууц” номын агуулга болоод хэлбэр нь түүх, сэтгүүл зүй, утга зохиолын элементээр бүтсэн. Тиймээс түүхийн баримт, судалгаа тал дээр Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар, сэтгүүл зүйн хэлбэр агуулга тал дээр Сэтгүүл зүйн ухааны доктор До.Цэнджав, утга зохиолын хийц, найруулга, үг хэллэг тал дээр Ардын уран зохиолч Т.Галсан нар ажилласан юм.

Номын тухай Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Би Д.Дамдинжавын шинэ номыг уншаад залуу зохиолчийн сэтгэлгээний цар хүрээ, асуудлыг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх гайхалтай чадвар, тухайн цаг үеийн улс орны түүхэн бодот байдлыг мэдэрсэн нарийн мэдрэмж, ерөнхий түүхийн өргөн мэдлэгийг нь өөрийн эрхгүй бахдан бахархлаа.

“Түүх бол он цагийн дараалал биш, урлаг биш, яруу найраг ч биш, түүх бол зөн билиг хийгээд үзэгдэл үйл явцын түүхэн их айгаас таамаглан дүгнэгдсэний үр дүнд босож ирдэг бодот байдал” хэмээн Италийн сэтгэгч, гүн ухаантан, түүхч Бенедетто Кроче нэгэнтээ хэлснийг Дамдинжав энэ цагийн монголчуудын ширээн дээр энэхүү бүтээлээрээ авчирч тавьжээ. Бахархалтай” хэмээн дүгнэсэн байдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус номын нээлтэнд оролцож хэлсэн үгэндээ тэрээр өнгөрсөн түүхийн алдаа, оноо бидний хэрхэн амьдрахыг чиглүүлдэг гэж боддог. Эрт үед амьдарч, хэцүү хэдий ч хэрэгтэй эсвэл тухайн цагтаа таатай ч алс ирээдүйд алдаа болсон шийдэл, шийдвэрийг гаргаж байсан удирдагч нартай ярилцана гэдэг сонирхолтой мэдрэмж байх нь дамжиггүй. Хэрвээ би спортоор хичээллээгүй бол түүх судлаач болох байсан гэж боддог. Түүхийн шар хуудсанд үлдсэн үйл явдал, баримт бүхэнд Монголчууд бидний алдаа, оноо бүгд шингэж үлдсэн. Түүхэнд хэрвээ гэж байдаггүй. Гэхдээ өнгөрсөн түүхийн алдаа, дутагдлыг өнөө цагт давтахгүй байх нь хамгийн чухал. Тийм ч учраас түүхийг шимтэж, судлах дуртай. Зохиолч Д.Дамдинжавын хувьд Их Монгол Улсын хаад, удирдагч нартай ярилцлага хийж байгаа хэлбэрээр “Суу билгийн судар-Суут нууц” номоо бичжээ. Нэг хүн дээр дунджаар 15 ном уншиж, судласан байна. Товчхондоо түүхийг товч, сонирхолтой өнцгөөс уншиж, ойлгох боломжтой юм хэмээн олзуурхаж, уншихыг тэсэн ядаж байна. Энэ номын санаа, хэлбэр, хийц нь таалагдаж, монголынхоо түүхийг сонирхож явдаг учраас “Суу билгийн судар-Суут нууц” номыг хэвлүүлэхэд миний бие хувийн зүгээс баяртайгаар дэмжсэн гэлээ.

Номын зохиолч Дамдинсүрэнгийн Дамдинжав нь Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, МСНЭ-ийн гишүүн, МЗЭ-ийн гишүүн, МСНЭ-ийн “Оны шилдэг бүтээл”, МЗЭ-ийн шилдэг бүтээлийн “Алтан Өд” шагналт уран бүтээлч юм. “Суу билгийн судар-Суут нууц” ном түүний 9 дэх уран бүтээл бөгөөд хөрөг, памфлет хэлбэрээр бичигдсэн “Гол тоглогч I, II. III” нь олны анхаарлыг ихээхэн татаж байсан билээ.

Тэрбээр өнгөрөгч 2021 онд “Зуун настай залуу” түүхэн эмхэтгэлээ бичиж, олны хүртээл болгосон юм.

Монгол, Катарын хамтарсан “Нүүдэл”үзэсгэлэн нээгдлээ

Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Катарын Үндэсний музейн тусгай үзэсгэлэн “Нүүдэл” буюу “On the Move” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Катар Улсын Гадаад хэргийн яам ивээн тэтгэж Монголын үзэгчдэд толилуулж буйгаараа онцлогтой. Катарын Үндэсний музейн сан хөмрөгөөс 50 гаруй биет үзмэр, түүхэн гэрэл зураг, баримтат киног үзэсгэлэнд дэлгэн, газрын тос олборлохоос өмнөх Катарын малчдын аж амьдрал, ахуй соёлыг энэхүү цогц үзэсгэлэнд дэлгэн толилуулж байна. Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Катарын Үндэсний музейн захирал, Эрхэмсэг ноён Шейх Абдулазиз Аль Тани, Талал Радан Аль Шаммари, Катарын Үндэсний музейн Кураторын газрын дэд захирал, Таниа Ал Мажид, Катарын Үндэсний музейн захиргаа, музейн хөгжлийн бодлогын ахлах шинжээч Доктор Александар Боуниа, Катарын Үндэсний музейн Сан хөмрөгийн хэлтсийн дарга Сунг Хёун Им, Нийгэм болон аман түүх судлаач Нажма-Ахмед нар оролцлоо. Үзэсгэлэнг Монгол улсын талаас Соёлын дэд Сайд П.Баттөр, Катарын Үндэсний музейн Захирал Эрхэмсэг Шейх Абдулазиз Аль Тани нар нээж үг хэллээ. Уг арга хэмжээнд урилгаар “Улаанбаатар хотын музей”-н захирал П.Даваасүрэн оролцлоо. “Нүүдэл” тусгай үзэсгэлэн 05 дугаар сарын 02-ноос 08 дугаар сарын 11 хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй ажиллах юм байна.

 

“Улаанбаатар хотын түүх, соёл: асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Нийслэлийн засаг даргын тамгын газар, ШУТИС-ийн хүмүүнлэгийн ухааны сургууль хамтарсан “Улаанбаатар  хотын түүх, соёл: асуудал, шийдэл” нэртэй эрдэм шинжилгээний хурал Новотель зочид буудалд зохион байгуулагдлаа. Тус хурал нь “Улаанбаатар хотын түүх”, “Улаанбаатар хотын соёл” гэсэн хоёр сэдвийн хүрээнд салбар хуралдаанаар үргэлжилсэн юм. Дээрх хоёр сэдвийн хүрээнд нийт 18 судлаач, эрдэмтэн илтгэл хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Тэртээ 1639 онд Халх Монголын ноёд чуулан Түшээт хан Гомбодоржийн Ишдорж хэмээх хүүд Занабазар гэх сахилын нэр хайрлан Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн өдгөөгийн Өвөрхангай аймгийн нутагт орших Ширээт цагаан нуур гэх газарт орд өргөө босгож “Шар бүсийн орд” хэмээх болсноор Улаанбаатар хотын түүх эхэлдэг гэж эрдэмтэн судлаачид үздэг. Түүхэн цаг хугацааны явцад Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ зэргээр нэрлэгдэж байгаад 1924 онд бидний мэдэх Улаанбаатар нэртэйгээр Монгол Улсын нийслэл болжээ” гэж тодотгосон юм.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр болсон хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн оролцож, хотын соёлын салшгүй нэг хэсэг болсон Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын музейн барилга, музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалт хийгээд өнөөгийн орчин нөхцөл байдал, цаашдын зорилт, арга хэмжээний талаар асуудал дэвшүүлсэн үг хэлж саналаа илэрхийллээ.

“Улаанбаатар хотын түүх” сэдвээр баримтат мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэж байна

#7 ДУГУЙН УРАЛДААН (1939) Ардын хувьсгалын дараагаас засгийн газраас ард түмний соёлч чинээлэг хэрэгцээг хангахын тулд гадаад орнуудаас төрөл бүрийн маркийн дугуйг худалдааны захиалгын шугамаар авчруулж хөдөлмөрчдийг хангах болжээ. Энэ үеэс дугуй унагчид манай оронд олон тоогоор нэмэгдэж, уралдаан тэмцээн явуулах боломж нөхцөлтэй болжээ. 1939 онд Биеийн тамирыг сайжруулах төв зөвлөлөөс эрхэлж Улаанбаатар хотод анх удаа 5.7 км-ийн дугуйн бартаат замын уралдааныг зохиов. Уралдааны маршрут нь Засгийн газрын байшингаас Консулын дэнж хүртэл замд явагджээ. Энэхүү тэмцээнд эвлэлийн гишүүн Батсүх 10 минут 16 секундийн амжилтаар тэргүүн байр эзэлжээ.

Гэрэл зургийн тайлбар: Монголын дугуйчид БНМАУ-ын нийслэл Бээжин хотын Тянь Ань Мэний талбай дээр

Бичвэрийн эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он.

НИЙСЛЭЛИЙН ХАРЬЯА СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ БАГ 2-Р БАЙРАНД ШАЛГАРЛАА

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын албан хаагчдын спортын нөхөрсөг тэмцээнүүд маш ширүүн өрсөлдөөнтэй “гал” гарсан тоглолтуудаар үргэлжилж дууслаа.
Энэ удаагийн тэмцээнийг нийслэлийн Соёлын төв өргөөний хамт олон хариуцан спортын таван төрлөөр зохион байгуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагааг нээж Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нээж үг хэлсэн бол, бүх байгууллагуудын удирдлагууд бүгд манлайлан оролцож, Соёлын сайдын Ахлах зөвлөх С.Оюунбилэг хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ.
Тэмцээнд нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Улаанбаатар театр, Улаанбаатар хотын музей, болон Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Багануур, Налайх, Баганхангай дүүргийн Соёлын ордны хамт олон оролцож Билльяард, Дартс, ширээний тенисс, волейбол, сагсан бөмбөг зэрэг спортын таван төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорин, 2 өдрийн турш өрсөлдөв.
УБХМ, ЧД-н Соёлын төв хамтарсан манай баг -Ширээний теннисийн төрөлд А.Шинэбаяр мөнгө (эр), Д.Дэлгэрмөрөн мөнгө (эм), -Биллъярдын төрөлд Гэрэлтуяа мөнгө,-Дартсын багийн төрөлд А.Шинэбаяр, П.Ариунаа, Л.Одмаа нар мөнгөн медаль тус бүр хүртэж нийт медалийн тоо, чансаагаараа багийн дүнгээр 2-р байранд шалгарч мөнгөн медаль, Налайх дүүргийн Соёлын ордны баг тэргүүлж алт, Соёлын төв өргөөний баг 3-р байр эзэлж хүрэл медаль атгаж энэ жилийн нөхөрсөг тоглолт ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнийг жишиг сайхан зохион байгуулсан НСТӨ-ний хамт олонд болон оролцсон бүх байгууллага хамт олондоо талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ “ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЛЭЭ

Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын А/348 дугаарт захирамжийн дагуу “Хаврын их цэвэрлэгээ” -г Улаанбаатар хотын музейн нийт ажилтан, албан хаагчид 04 дүгээр сарын 11-ний пүрэв гаригт 10:00 цагаас эхлэн 2 байршилд цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.
1. Байгууллага орчныхоо 50 метр хүртэлх эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, угааж
чийгшүүлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, үүд довжоог угааж өнгө үзэмжийг сэргээх цэвэрлэгээний ажлыг хийлээ.
2. Мөн Музейн хамт олон “Хаврын их цэвэрлэгээ” удирдамжинд заасан хуваарийн дагуу Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн хойд уулзвараас 100 айлын урд уулзвар хүртэл замын 2 талаар нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь хог хаягдал, ногоон байгууламжийн шар өвс, хатсан шарилж ургамлыг шуудайлж хогийн цэгт төвлөрүүлэх зэрэг цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Улаанбаатар хотын музейд зочлов

ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Евсиков Алексей Николаевич албаны хүмүүстэйгээ “Улаанбаатар хотын музей”-д зочилж, музейн үйл ажиллагаа, их хотын түүхийн баримт өв соёлтой танилцлаа. Музейн удирдлагын зүгээс Оросын Буриад худалдаачин Цогтбадамжавын бариулсан музейн барилгын түүх, уг түүхэн барилгыг сэргээн засварлах асуудлаар танилцуулав. Элчин сайдын зүгээс хоёр улсын харилцааны чухал ач холбогдолтой түүхийн баримт хадгалж байгаа бодит түүхтэй музейг үзсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэхүү түүхэн дурсгалт барилгыг хадгалж үлдсэнд талархаж, цаашид сэргээн засварлах, шинэ байр барихад ОХУ-ын элчин сайдын яамны зүгээс боломжит хувилбараар туслахыг хичээнэ гэдгээ илэрхийлэв. Мөн өөрийн улсаас ирэх албаны зочид төлөөлөгчидөө заавал үзүүлж байх маршрутанд оруулж, Буриадын Засгийн газрын Соёлын яамны холбогдох албаны хүмүүстэй холбох зэргээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

ҮНДЭСНИЙ НОМЫН САН

 

1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд номын санг анх үүсгэж, 1924 онд Улсын номын сан болгожээ. Үндэсний номын сангийн барилгыг 1946 оны 10 дугаар сард барьж эхлэн 1951 оны 7 дугаар сарын 11-нд Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяраар ашиглалтад оруулжээ. Тус барилгыг японы олзлогдсон цэргүүдээр бариулж байгаад, дараа нь монгол барилгачид гүйцээн барьсан бөгөөд Улаанбаатар хот дахь цөөн неоклассик загвартай барилгуудын нэг юм. Эх сурвалж: http://ubheritage.mn

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН БАРИЛГА

Уг барилга нь дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьсан архитектурын дурсгалт барилгуудын нэг юм.
Улсын төв театрын барилга байгуулах тухай СнЗ-ийн тогтоол 1940 онд гарсан ч эх орны дайны улмаас хойшлогдож, 1946 оны 6 дугаар сарын 28-нд анхны суурийн чулууг тавьжээ. Барилгын зураг төслийг ЗХУ-д амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, герман архитектор Герхард Косель 1945 онд зохиосон бөгөөд 1946-1949 онд Улсын барилга трестийн барилгачид, японы олзлогдсон цэргүүд барьж ашиглалтад оруулжээ. Үзвэрийн гол танхим 800 хүний суудалтай бөгөөд нийтдээ 38 мянган м.кв багтаамжтай дөрвөн давхар барилга юм. Барилга ба хашааны монгол хээ угалзыг архитектор Б.Чимэд, зураач Д.Манибадар нарын зохиосон зураг төслөөр барималч С.Чоймбол, Н.Даваацэрэн, Н.Жамбаа нар бүтээжээ.
1963 онд Улсын хөгжимт драматик театрыг салгаж биеэ даасан хоёр театр болгосноор уг барилгад Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр байрласан юм. Шинэхэн театр Оросын суут хөгжмийн зохиолч П.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийсэн түүхтэй. 1981 онд “Улсын дуурь, бүжгийн академик театр” 1994 онд “Сонгодог урлагийн академик театр” хамгийн сүүлд 2002 онд “Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр” хэмээн нэрлэжээ .

Төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулиудад сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл гардууллаа

Сургууль цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл гардууллаа.

Энэ оны хоёрдугаар сард нийт 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээ ирүүлснээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан долоон цэцэрлэг, найман сургууль ийнхүү үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авч байна. Ингэснээр нийслэлийн цэцэрлэгүүдийн хүлээн авах  хүүхдийн тоо 435, сургуулийн суудлын тоо 1480-аар нэмэгдэж буй.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс боловсролын байгууллагуудыг бодитойгоор дэмжиж, сургалт эрхлэх зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэн ажиллана гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө онцлов. Нийслэлийн хэмжээнд төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 138 сургууль, 358 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, эдгээр цэцэрлэгт 30338 хүүхэд, ЕБС-д 53603 суралцагч суралцаж байна. Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдалтын 23.8 хувь, ЕБС-д суралцагчдын 14.7 хувийг эзэлж буй.

эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Музейн захиргаа

Дэлхий даяар музейн ерөнхий удирдлагын тогтсон загвар байдаггүй. Зарим талаараа ийм хэв маяг байхгүй байгаа нь музейн цуглуулгын олон янз байдлыг илэрхийлж байгаа ч музейн нийгэмд гүйцэтгэх үүргийн талаарх ойлголт хоёрдмол утгатай, тухайлбал музей нь соёлын өвийн хамгаалагч, тайлбарлагч мөн үү, соёлын өвийг хадгалагч мөн үү гэх мэт хоёрдмол ойлголтыг илэрхийлж байна. хүн төрөлхтөний болон байгалийн түүхтэй холбоотой анхдагч нотлох баримтыг судлах, олон нийтийн хөгжлийн нийгмийн хэрэгсэл, амралт, зугаа цэнгэлийн байгууламж.
Хамгийн ерөнхий түвшинд музей нь хувийн болон нийтийн удирдлагатай байж болно. 1970 оноос хойш хувийн хэвшлийн музейн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн ч эдгээрийн зарим нь ерөнхий хууль тогтоомжийн дагуу компанийн нэр хүндтэй, улсын мөнгө авдаг. Нэмж дурдахад төрийн музейн хувьд хувийн ивээл чухал болж, хувь хүн болон аж ахуйн нэгжийн эх үүсвэрээс нэмэлт санхүүжилт авахын тулд хувийн музейнүүдтэй өрсөлддөг. Төрийн албанд үндэсний музейг боловсрол, аялал жуулчлал, батлан хамгаалах, байгаль орчин, үндэсний өв соёл, соёл урлаг, амралт чөлөөт цаг зэрэг олон төрлийн яамд хариуцаж болно. Нөхцөл байдал орон нутгийн түвшинд бүр ч төвөгтэй байж болно.

Улс орон бүрт төрийн хяналтын түвшин харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, Францад муж улс музейн үйл ажиллагаанд илүү их хяналт тавьдаг уламжлалтай. Парис дахь хэд хэдэн үндэсний музей нь хагас автономит захиргааны зөвлөлийн дор ажилладаг бөгөөд гүйцэтгэх дарга нь бодлого, гүйцэтгэх асуудлаар давхар хариуцлага хүлээдэг. Нэмж дурдахад Парисын гадна байрладаг хэд хэдэн үндэсний музей байдаг бөгөөд тус улсын хотын музейн техникийн зарим хяналтыг төв захиргаа хэрэгжүүлдэг. Харин Нэгдсэн Вант Улсад олон нийтийн музей илүү бие даасан байдалтай байдаг уламжлалтай. Лондон, Эдинбург, Кардифф, Белфаст зэрэг нийслэл хотуудад байрладаг Их Британийн үндэсний музейнүүд үндэсний засгийн газраас санхүүжилт авдаг боловч музей бүрийг өөрийн хууль тогтоомжоор байгуулсан бөгөөд энэ нь итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зөвлөлийг (нэрээр хараат бус) эрх мэдэлтэй болгодог. засгийн газар) санхүүжүүлэх, санхүүжүүлэх, музейн бодлогыг удирдан чиглүүлэх. Их Британийн хотын музейг ерөнхий хууль тогтоомжийн дагуу олгодог бөгөөд орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид хуулийн дагуу удирдлагын хороодыг бүрдүүлдэг. Британийн загварыг бусад Европын болон англи хэлээр ярьдаг орнуудаас олж болно. АНУ-д зөвхөн Смитсоны институт болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн харьяа музейнүүд үндэсний статустай бөгөөд холбооны засгийн газраас санхүүжүүлдэг.

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадамд 280 гаруй уран бүтээлч оролцоно

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.

Энэ удаагийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 22 орноос биечлэн 160, цахимаар 120 буюу нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн 300 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцож байна.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:

-Бид наадмын үеэр гар урлаачдынхаа бүтээлийг олон улсын зах зээлд гаргах, олон улсын гар урлаачидтай Монголынхоо гар урлаачдыг хамтран ажиллах боломжоор хангах, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Мөн Сүхбаатарын талбайд маргаашаас хамтарсан үзэсгэлэн, худалдаа гарна хэмээв. Түүнчлэн иргэдийг Сүхбаатарын талбайд зочилж, монгол болон олон улсын гар урлаачдын бүтээлчтэй танилцаж, хамтран бүтээл хийх боломжтой гэдгийг онцолж байлаа.

Наадмын хүрээнд төв талбайд зургаадугаар сарын 16-18-нд гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулна. Мөн гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон сургалтууд зэрэг олон үйл ажиллагаа болох юм.

Наадмыг санаачлагч, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал:

-Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг анх 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголоос 2000 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцож байлаа. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Энэ оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциаци хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд гар урлалын төрлийг нэмснээрээ онцлог гэдгийг тодотгож байв.

Хэвлэлийн хурлын үеэр “Asia Folk 2023” наадмын шүүгчээр Малайз Улсаас уригдан ажиллаж буй Росли Сидек дэлхий нийтийн анхаарлыг нийслэл Улаанбаатар хотноо төвлөрүүлж, урлаг, соёлыг дэмжсэн томоохон арга хэмжээ зохион байгуулж байгаад талархал илэрхийлсэн юм.

Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчуудад Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн үнэт цаас гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах бэлтгэл ажлын талаар НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцуулав.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан. Өдгөө тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх, Сангийн яаманд саналаа хүргүүлж, дүгнэлт гаргуулах шатны бэлтгэл ажлыг хангаж байна.

Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу үнэт цаасыг арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг дараах шаардлага хангасан төсөл, арга хэмжээнүүдэд санхүүжүүлэх зохицуулалттай. Тодруулбал, төсөвт тусгасан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх, мөн тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж баталгаажуулсан байх юм.

Үнэт цаас гаргах ажил нь процессын хувьд эхлээд үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулах, үүнийгээ НИТХ-аар хэлэлцүүлэх, үүний дараагаар үнэт цаас гаргах саналыг Сангийн яамаар хянуулан, дүгнэлт гаргуулна. Үргэлжлүүлэн Засгийн газраас зөвшөөрөл авч, дахин НИТХ-аар хэлэлцүүлж, дэмжвэл Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын дагуу үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, олон нийтэд санал болгох юм. Одоо Засгийн газраар журам батлуулах эхний шатыг даваад байгаа бөгөөд НИТХ-аар хэлэлцүүлэх юм.

Хотын дарга Улаанбаатар хот анх удаа үнэт цаас гаргах гэж байгааг онцлоод, хотын эдийн засгийг дэмжиж, хот тулгамдсан асуудлаа бие даан шийдвэрлэх боломжийг олгоно гэдгийг хэлж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов.

Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулав

Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулав.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулах ажил эхэлсэн. Мастер төлөвлөгөөг “Престиж инженеринг”, “Хайдродизайн прожект” ХХК-ийн түншлэл боловсруулсан бөгөөд зургаан үндсэн чиглэлээр гүйцэтгэжээ. Төлөвлөлт нь Улаанбаатар хотын суурьшил, зуслангийн бүс, Налайх, Багануур, Багахангай дүүрэг  зэрэг 89,475 га талбайг хамарсан.

Улаанбаатар хот орчмын хуурай сайр, жижиг голуудын нийт урт 314 км. Харин үерийн хамгаалалтын 168 км барилга, байгууламж байна. Үерийн далан сувгийн 67 хувь буюу 100 км-ийг нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км-ийг нь 1987-2020 онд барьжээ.

Зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ нийт 169 км байгаагаас гол 18 шугамын 80 хувийг 1970-1980 онд барьсан. Эдгээр шугам сүлжээний ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан, засвар шинэчлэл хийх шаардлагатай байна. Мөн хөрсний ус зайлуулах шугам сүлжээ нийт 18.3 км, газрын доорх усны мониторингийн хяналтын цооног 53, идэвхтэй булгийн тоо 133 байна.

Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан “Престиж инженеринг” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал М.Далайцэрэн “Мастер төлөвлөгөөг 70 орчим инженер, мэргэжилтнүүдийн оролцоотой боловсруулсан. Мөн таван байршилд үерийн халилт их байгаа тул үерийн хамгаалалтын далан байгуулах шаардлагатай тооцоо гарлаа. Туул голын цутгал болох Сэлбэ голд ус хуримтлуулах сан байгуулснаар үерийн эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэж үзэж, гурван усан сан төлөвлөсөн. Цаашид суурьшлын бүс нэмэгдсэнээр үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн хүчин чадал хүрэхгүй тул нэмж байгуулах, өргөтгөх зайлшгүй шаардлагатай” гэдгийг хэлж байлаа.

Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн мастер төлөвлөгөөг 2023-2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн зам, талбайн борооны ус зайлуулах 250 км шугам сүлжээ төлөвлөх шаардлагатай үр дүн гарсан байна. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, мастер төлөвлөгөөг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Шаардлага хангахгүй гэж нураасан 27 барилгыг ашиглалтад орууллаа

Үүний дараа Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлын явц, холбогдох тооцоо судалгаа, мэдээллийг танилцуулав.

Нийслэлийн иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гамшигт эрсдэлийг бууруулах зорилгоор 2011 оноос эхлэн 1970 оноос өмнө барьсан 672 барилгад биет үзлэг, хэмжилт, судалгаа хийсэн. Улмаар холбогдох хуулийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016-2022 онд гарсан зургаан удаагийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 377 барилгын ашиглалтыг хориглосон байдаг. Гэвч эдийн засаг, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан өнөөдрийг хүртэл зарим барилгад иргэд оршин суусаар байна.

Нийслэлийн Засаг даргын 22 удаагийн захирамжаар 194 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан. Одоогоор 150 барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгарч, 2015-2023 оны хооронд 1298 өрхийн 61 барилгыг буулгаж, 3248 өрхийн үйлчилгээ, орон сууцны 27 барилгыг ашиглалтад оруулсан. Энэ нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжийг буулган, шинээр барих ажлын хэрэгжилт удаашралтай, цаашид эрчимжүүлэх шаардлагатай  байгааг харуулж байгаа юм.

Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 50 хуулийн этгээдээс 31 барилгын загвар зураг төсөл батлуулахаар ирүүлсний 24 нь барилгын хүчин чадал нэмэгдүүлэх тухай хүсэлт байна. Эдгээр хүсэлтийн дийлэнх нь урьдчилсан байдлаар 9-12 давхар байхаар төлөвлөсөн барилгыг 16 давхар болгох хүсэлт ирүүлжээ. Мөн сүүлийн жилүүдэд бараа материалын хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалан барилга угсралтын зардал нэмэгдсэн нь төсөл хэрэгжихэд хүндрэл учруулж байгаа юм.

25 удаа сонгон шалгаруулалт зарлахад нэг ч материал ирүүлээгүй тохиолдол ч байгаа юм. Холбогдох журамд заасны дагуу сонгон шалгаруулалт тав буюу түүнээс дээш удаа амжилтгүй болсон тохиолдолд тухайн төслийг аймаг, нийслэлийн орон сууцны асуудал эрхэлсэн байгууллага хариуцан хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Иймээс Нийслэлийн Засаг дарга таван удаагийн захирамжаар 14 барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК хариуцан гүйцэтгэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар асуудлыг шийдэхийн тулд хууль болон журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг онцолж байлаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг ашиглалтын шаардлага хангахгүй байранд амьдарч байгаа иргэдэд шаардлага хүргүүлдэг эсэхийг тодруулахад “Барилга ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдвол дүүрэг, хороотой хамтран иргэдэд мэдээлэл өгч, дахин төлөвлөлтөд хамрагдахыг дэмжиж байгаа эсэх талаар санал асуулга явуулдаг. Иргэд эхлээд 100 хувь дэмждэг ч аж ахуйн нэгж шалгарангуут асуудал үүсэж эхэлдэг” гэдгийг хэлж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Инженерийн дэд бүтцэд их хэмжээний мөнгө зарцуулж байхаар тэр мөнгөөр барилгыг худалдаж аваад, ногоон байгууламж байдлаар тохижуулах, мөн хууль, дүрэм, журмын өөрчлөлтийг хэн нэгэнд найдахаас илүүтэйгээр өөрсдөө барьж авч, шийдэх хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Хотын дарга дээрх саналуудыг тусган, зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, холбогдох албаныханд үүрэг өгөв. Тухайлбал, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрх зүйн шинэчлэл хийх асуудлыг судалж, танилцуулахыг үүрэг болгосон юм.

Аж үйлдвэрийн паркийн цогц төлөвлөлт хийжээ

Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ийн техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ боловсруулжээ. Ингэхдээ 5600 гаруй ажлын байрыг шинээр бий болгох аж үйлдвэрийн паркийн цогц төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн байна. Тодруулбал, ажил хэрэг, олон нийтийн бүс нь 10.9 га талбайг хамрах бөгөөд оффис, лаборатори, сургалтын төв, үзэсгэлэн худалдаа, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээ, гар урлал зэрэг багтана. Үйлдвэр, агуулахын бүс нь нийт 17.3 га талбайд хүнсний агуулах, хөргүүртэй агуулах, гүн хөлдөөх агуулах, химийн агуулах зэргээс бүрдэх юм. Харин орон сууцны хорооллыг 4.3 га талбайд 2160 оршин суугч бүхий тохилог орон сууцны хороолол болон 120 хүүхдийн хоёр цэцэрлэгтэй байхаар төлөвлөжээ. Мөн 38.6 га талбайд жилд 25,584 тонн мах, 98,437 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах, 2142 тонн ноолуур самнах, 2904 тонн ноос самнах, 7.5 сая арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн дугуйн замын урт 20.1 км байх бөгөөд стандартын дагуу амрах, талбай зогсоол, аюулгүй байдлыг хангасан тоноглол тэмдэг тэмдэглэгээтэй байна.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн зорилготой. Мөн байгаль орчинд ээлтэй мал аж ахуй, газар тариалан, тээвэр, логистик, худалдааны төв, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэрийн сургалтын төв, хөнгөн  үйлдвэр, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, үнэлгээ хийх зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах юм.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НИЙСЛЭЛ ДЭХ “СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯНЫ ХАВРЫН ХААЛТ БОЛЛОО

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг улсын хэмжээнд өрнүүлж буй. Уг аяны нийслэл дэх хаврын хаалтын арга хэмжээг Багахангай дүүрэгт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, тус дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн, БХД-ийн Соёлын ордны дарга Б.Алтанцоож нар оролцов.
Энэ үеэр иргэдэд зориулан лекц, илтгэл хэлэлцүүлснээс гадна соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, Улаанбаатар хотын музейн “Өөрчлөгдөж буй Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын тоглолт зэрэг соёл, урлагийн үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн тус дүүргийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Улаанбаатар хотын музейн дэглэж бэлтгэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг 280 гаруй том хүн, 30-аад хүүхэд нийт 300 гаруй хүн үзэж сонирхов.
“Соёлын сэргэлт-2023” аяныг нийслэлийн дөрвөн дүүрэг болох Баянзүрх, Налайх, Багануур, Багахангайд зохион байгуулсан бөгөөд ирэх намраас бусад таван дүүрэгт зохион байгуулах юм.

“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэгтэй, уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлсэн, эерэг хандлагатай, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Уг аяны нээлт нийслэлд Баянзүрх дүүргийн соёлын төв буюу бидний хэлж заншсанаар Жанжин клубт боллоо.
Аяны нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Соёл, урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцсон юм.
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах тус аянд Улаанбаатар хотын музейгээс музейн үзмэрүүдээ дэлгэн үзүүлж, “Өөрчлөгдөж буй Улаанбаатар” гэрэл зургийн цуврал үзэсгэлэнгээр оролцох юм. Мөн нээлтийн өдөр соёлын байгууллагуудын ажилтнуудыг чадавхижуулах сургалт явууллаа. #нийслэлийнсоёлурлагийнгазар #соёлынсэргэлт

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийг Засгийн газар дэмжлээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тодруулбал, УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 11 жил болж байгаа уг төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үйлдвэрийн бүс болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд Туул голын сав газрыг бохирдуулж байгаа тул нүүлгэн шилжүүлэх талаар иргэдийн гомдол, санал ихээр ирдэг. Мөн тухайн орчны хөрс, усны бохирдол стандарт түвшнээс хэт өндөр гарсан нь зайлшгүй анхаарал хандуулах асуудал болсон юм.

Иймд Харгиа цэвэрлэх байгууламж орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, одоо үйл ажиллагаа явуулж байгаа газрыг нөхөн сэргээхээр нийслэлийн зүгээс Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Ийнхүү нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2014-2020 онд Эмээлт эко паркийн судалгаа, ажлын зураг төсөв, түр цахилгаан хангамжийн бүтээн байгуулалт болох паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, үерийн байгууламж, инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, ундны усны хангамж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг бэлтгэл ажлыг хангасан юм.

НИТХ-ын 2022 оны V хуралдаанаар “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ болгон чиг үүргийг нь өргөтгөн баталсан. Улмаар байгаль орчинд ээлтэй мал аж ахуй, газар тариалан, тээвэр, логистик, худалдааны төв, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэрийн сургалтын төв, хөнгөн үйлдвэр, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, үнэлгээ зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн юм.

Тус паркийг ашиглалтад оруулан төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, одоогийн байгаа бохирдсон газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийн, үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн жилд хонь, ямааны арьс дөрвөн сая, үхрийн шир 400 мянга, адууны шир 200 мянга, тэмээний шир 15 мянга, нийт 4.6 сая арьс, шир боловсруулах боломж бүрдэнэ. Мөн 3.6 мянган тонн завод ноос, 1.2 мянган тонн завод ноолуур боловсруулах боломжтой бөгөөд нэг их наяд хүртэлх төгрөгийг төсөвт бүрдүүлэх эдийн засгийн боломж бүрдэх юм.

Хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засагт ач холбогдолтой тус паркийн төслийг ийнхүү Засгийн газраас дэмжиж, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, суурь, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийг холбогдох яамд болон Хотын даргад даалгалаа.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийтийн тээврийн төлбөрийн системийг боловсронгуй болгоно

БНСУ-ын Сөүл хотод албан томилолтоор ажиллаж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ти-Мони” ХК-ийн ерөнхий захирал Ким Тэ Кыгтэй уулзлаа. Талууд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн төлбөрийн системийг сайжруулах талаар санал солилцсон юм. БНСУ-ын Сөүл зэрэг томоохон хотуудын нийтийн тээвэрт төлбөрийн картын үйлчилгээ үзүүлдэг тус компани нь энэ чиглэлээр Улаанбаатартай хамтран ажиллаж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. Мөн нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээг нэмэгдүүлэх, стандартад нийцүүлэх арга хэмжээг авна. Эхний ээлжид олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй 2000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөж буй. Үүнтэй, мөн хотод өрнөж байгаа бусад бүтээн байгуулалттай холбоотойгоор нийтийн тээврийн төлбөрийн системийг илүү боловсронгуй болгох, энэ чиглэлд шинэ шийдэл нэвтрүүлэх шаардлага үүсээд буй. Тиймээс бид төлбөрийн картын системийг шинэчлэх, дэд бүтцийг шийдэхэд цаашид хамтран ажиллах боломжтой. Ерөөс улсын, хотын хамтын ажиллагаанд бизнесийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч Улаанбаатар хотын зүгээс үүнийг дэмжиж ажилладаг хэмээлээ.

“Ти-Мони” ХК-ийн ерөнхий захирал Ким Тэ Кыг “Албан томилолтын хүрээнд “Ти-Мони” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж буйд талархал илэрхийлье. Манай байгууллага Улаанбаатарын нийтийн тээврийн төлбөрийн “U Money” үйлчилгээтэй хамтран ажиллаад нэлээд хугацаа өнгөрсөн. Эхэн үедээ тулгарч байсан стандарт, дэд бүтцийн асуудлуудыг амжилттай шийдээд нийтийн тээврийн ухаалаг картын үйлчилгээг үзүүлж байна. Цаашид Сөүл, Улаанбаатар болон байгууллага хоорондын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэж харж байна” хэмээв.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар:

-Тус компанитай хамтран Улаанбаатарт нийтийн тээврийн төлбөрийн системийг нэвтрүүлээд долоон жил болж байна. Энэ хугацаанд гурван сая гаруй карт зарагдсан бөгөөд нийслэлийн хэмжээнд өдөр бүр 1.4 сая гаруй төлбөр тооцоог энэ картаар хийдэг болсон. Цаашид Улаанбаатар хотод нэвтрүүлэх их багтаамжийн тээврийн хэрэгслүүд, такси үйлчилгээнд зориулан “U Money” картыг олон үйлдэлтэй болгох талаар уулзалтын үеэр хэлэлцлээ. Ингэснээр нийтийн тээврээр зорчихоос гадна авто зогсоолын төлбөр төлөх зэрэг олон боломж бүрдэнэ гэсэн юм.

Энэ чиглэлд хамтран ажиллах, технологи, шийдлийг нэвтрүүлэхэд Нийслэлийн Нийтийн тээврийн газар БНСУ-ны “Ти-Мони” компанитай хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Олон Улсын Музейн өдрийн нээлт “Чингис Хаан”үндэсний музейд боллоо

“Музейн тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” уриатай Олон Улсын Музейн өдрийн нээлт “Чингис Хаан”үндэсний музейд болж, нийслэл хот болон орон нутгаас ирсэн музейн төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо.

Улсад Олон улсын музейн өдрийг 1998 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2003 онд ОУМЗ-ийн Монголын үндэсний хороо байгуулагдсанаас хойш өргөн хүрээг хамруулан нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эл өдрийг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрд байгаа музейнүүд тогтвортой байдал ба сайн сайхан оршихуйг дэмжиж уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйл устах, нийгмийн тэгш бус байдал зэрэг тулгамдсан асуудлуудыг олон нийтэд таниулах, эерэг өөрчлөлтийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн болон мэргэжилтнүүд оролцлоо.

 

ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

 Улаанбаатар хотын музейгээс “Олон улсын музейн өдөр 2023” үйл ажиллагааны хүрээнд СЭЗИС-ийн харъяа Эрхэм баян эрдэм сургуулийн 2а ангийн сурагчдад “Улаанбаатар хотын үл хөдлөх дурсгал” боловсролын танин мэдэхүйн ажлыг зохион явууллаа. Мөн “Өөрчлөгдөж буй Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байгаа юм. Манай музей энэ жил “Музей, тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрүүдээ амжилттай зохион байгуулсаар байна. Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан хүндэт үзэгчид та бүхэндээ баярлалаа. 

Төрийн албыг цомхон, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх хэрэгтэйг онцоллоо

УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар өнөөдөр нийслэлийн харьяа байгууллагын удирдлагууд болон дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзаж, Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар танилцуулсан. Мөн үргэлжлүүлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчидтай уулзлаа. Энэ үеэр төрийн албаны эрх зүйн шинэчлэл болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар танилцуулсан юм. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх шалтгаан хийгээд ач холбогдлын талаар танилцуулж, албан хаагчдын санал бодлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өглөө. УИХ-ын дарга Г.Занданшатар “2023 оны УИХ-ын хаврын чуулганаар авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорьж байна. Энэ хүрээнд эдийн засгийн шинэчлэл, хүний хөгжлийн шинэчлэлийг хийж, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц бодлогыг баримтлан ажиллахаар төлөвлөсөн. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотын есөн дүүргийг тус тусад нь хот болгон, хороодыг дүүрэг болгон зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. Ийнхүү засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нь задалснаар хэт төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах боломж үүснэ. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Хуулийн амин сүнс нь ёс суртахуун байдаг. Тиймээс төрийн албаны шинэчлэл ёс зүйгээс эхлэх ёстой гэж үзэж байна” гэв. Монгол Улсын хэмжээнд 4337 төрийн болон төрийн оролцоотой байгууллагад 234,251 албан хаагч ажилладаг. УИХ-ын дарга уулзалтын үеэр бүтээмжид суурилсан цалингийн сүлжээг бий болгон, төрийн албыг цомхон, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх хэрэгтэйг онцолж байлаа. Уулзалтад оролцсон дүүрэг, хороодын Засаг дарга болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид Үндсэн хуулийн шинэчлэл болон цаг үеийн тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцож, асуулт асуусан юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС