Гандантэгчинлэн хийд. 1898 он. Гэрэл зургийг А.А.Лушников Мэгжид Жанрайсэгийн дуган баригдаж эхлэхээс 10 гаруй жилийн өмнө.
Гандангийн дэнж, Мэгжид Жанрайсэгийн дуган
1838 онд Талхын* дэнжид V Богдод зориулан Гандантэгчинлэн хийд буюу Төгс баясгалант их хөлгөний хийдийг барьж байгуулжээ. Тус хийд байгуулагдсанаас хойш уг дэнжийг хийдийн нэрээр буюу “Гандангийн дэнж” хэмээн нэрлэж иржээ. Харин хийдийг Зүүн хүрээ аймгийн баруун талд байгуулсан учраас “Баруун хүрээ” хэмээн нэршсэн ажээ. 1937 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг хааж, хуучны зургаан сүм, дуганаас бусдыг нураажээ. 1944 оноос хурал номын үйл ажиллагааг сэргээж, 1961 онд хийдийн цогцолборыг улсын хамгаалалтад авсан байна. Эдүгээ Гандантэгчинлэн хийд нь Монголын бурхны шашны төв хийд юм.
* Гадаргуу дээрээ чулуугүй, жигд үйрмэг хөрстэй газрыг “талх” хэмээн нэрлэдэг.