Үзмэрийн нэр: Хүрээ нүүдэл

Бүтээлч: Ү. Ядамсүрэн

Бүтээсэн он: 1961 он

Хэмжээ: Урт-65 см, өргөн-45 см

Материал: Гуаш

Зураач энэ бүтээлдээ уул ус байгалийн сайхныг маш тодоор өнгө ялган зурсан бөгөөд зургийн гол агуулга утга санаа нь хүрээний нүүдлийг харуулсан. 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур хэмээх газарт Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөн Шар бөсийн өргөө барьж өгснөөр одоогийн нийслэл хотын суурийг үндэслэжээ. Нийслэл хот маань Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу нийт 20-28 удаа нүүдэллэсэн бөгөөд 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. 1778 онд нэг удаагийн нүүдлийн зардлыг Эрдэнэ агсан тооцоолон гаргаснаас үзэхэд: Сэвэг цай 3389, тэмээ 20475, ачигч хүн 990, тус бүр сарын хүнстэй, модны дархан 30, төмрийн дархан 15, тус бүр хоёр сарын хүнстэй гаргаж байжээ. Сурвалжид Хүрээ нэг газар удтал оршин суухад тус газар бохирдож, өвчин тахал дэлгэрэн, ойр хавийн мод түлээг хядаж дууссан тул хүрээний лам нарын дараа төрөлд бэрхтэй болох зэрэг шалтгааныг дурьдсан байдаг. Гэвч хүрээний нүүдлийн үндсэн шалтгаан нь монголчууд эртнээс нааш нүүдэлчин соёл иргэншлээр замнаж ирсэнтэй холбоотой билээ.Монголд бий болсон олон хүрээ, хийд тэр бүр хот болон хөгжиж чадсангүй. Харин Их Хүрээ хот болон хөгжсөн нь нэгдүгээрт, Орос-Монгол-Хятадын худалдаа, харилцаа, цайны их зам дагуу суурьшсан, хоёрдугаарт, Монгол орны аж ахуйн байдалд гарсан өөрчлөлтүүдээс, гуравдугаарт газарзүйн байрлал буюу ойт хээрийн хамгийг урд цэг, говийн бүсийн хамгийн хойд цэг байсантай холбон тайлбарладаг.

Related Works