Чин ван Ханддоржийн байшин

Товч түүх:
Богд хаант Монгол Улсын үед Нийслэл хүрээнд баригдсан гоёмсог байшингийн нэг нь Чин ван Ханддоржийн өргөө юм. Түүний өргөөг хүрээнийхэн “Дайчин вангийн өндөр” гэж нэрлэдэг байв. Энэ байшинг 1913 онд Богд хаант Монгол Улсын гадаад хэргийн тэргүүн сайд Чин ван Ханддорж сууцандаа зориулан бариулж, 1915 онд нас эцэстлээ амьдарч байжээ. Ардын Засгийн эхний жилүүдэд хичээнгүй сайд Б.Цэрэндорж сууж байв. 1923 онд уг байшинг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлжээ.
Чин ван Ханддоржийн байшин нь монголын орон сууцны барилгын нэгэн чухал дурсгал бөгөөд төлөвлөлт, чимэглэлийн хувьд сүм дуганы барилгаас ялгаатай. 7,5 м х 16,0 метрийн хэмжээтэй, тоосго, модон хана, модон дээвэртэй, сууцны зориулалттай хоёр давхар эл байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулагдсан, хоёрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой гонхон маягийн бөгөөд зун суухад зориулагджээ. Өдгөө тус байшинд Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей байрлаж байна.

Хамгаалалтын зэрэглэл:
БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан.

Байршил:
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Сөүлийн гудамжны урд талд, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн зүүн хэсэгт байдаг.

Солбилцол:
N47 54 49.8, E106 54 34.1

Онцлог:
Дорнод Сибирийн уламжлалт болон сүм хийдийн хосолмол загвартай барилга