Их тэнгэрийн амны хадны зураг

Товч түүх:
Энэхүү дурсгалыг 1960 онд Зөвлөлтийн (хуучнаар) нэрт эрдэмтэн А.П.Окладников илрүүлэн, судалгааны эргэлтэд оруулжээ. Их тэнгэрийн амны хаданд улаан зосоор дүрсэлсэн дотроо олон толботой дөрвөлжин хашлага, хүний тойм дүрслэл, халин нисч буй бүргэд, адуу, хашлаганы доод талд хоёр зэрэгцээ замаар адуу хөтлөн явж буй хүмүүсийг тоймлон дүрсэлсэн байдаг. Зосон зургийн эл дурсгал нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед хамаарах бөгөөд утга зүйн хувьд эртний нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, мал ахуйн үржлийн бэлгэдэлтэй холбон тайлбарладаг. Мөн улаан зосон зургуудын дэргэд хар бэхээр монгол бичгээр бичсэн “Мөнх хөх тэнгэр” гэсэн бичээс, монгол дээлтэй эмэгтэй, эргэн харсан цоохор толботой согоо, бөө удганы зураг бий. Монгол дээлтэй эмэгтэйг дүрслэхдээ дугираг царай, онигордуу нүд, богтог малгай, урт хормойтой, өргөн ханцуйтай дээл, бүдүүн түрийтэй ээтэн хоншоортой монгол гутал зэргийг тодорхой харуулжээ. Өндөр оройтой малгайг судлаачид XIII зууны монголын язгууртан эмэгтэйчүүдийн өмсдөг байсан богтог малгай мөн хэмээн үздэг. Монголын Юан гүрний их хатдын хөргийг өндөр богтог малгайтай зурсан байдаг бөгөөд Монгол нутагт малтсан XIII зууны үеийн монгол эмэгтэйн булшнаас үйсэн хатуулга бүхий богтог малгайн олдворууд цөөнгүй илэрч олддог. Эл дурсгал нь Монгол эмэгтэйн дүрийг хадны зурагт дүрслэн үлдээсэн цорын ганц дурсгал бөгөөд XIII-XIV зууны үед холбогдох ажээ.

Хамгаалалтын зэрэглэл:
БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хоёр зэргийн хамгаалалтад, Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоолоор хамгаалалтын зэрэглэлийг ахиулж улсын хамгаалалтад авчээ.

Байршил:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойгоос зүүн зүгт, Богдхан уулын ар, Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн хойш харсан хадан хясаанд байдаг.

Солбилцол:
N47 53 2.7, E106 56 59.7

Онцлог:
XIII-XIV зууны Монгол эмэгтэйн дүрийг хадны зурагт дүрслэн үлдээсэн цорын ганц дурсгал