Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөө цогцолбор

Дурсгалын нэр:

Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөө цогцолбор
Бүтээсэн он:
1969-1971 он
Бүтээгч:
Ерөнхий архитектор А.Хишигт, архитектор Т.Мишиг, Н.Уртнасан, Д.Өлзийхишиг, инжинер-конструктор С.Я.Кузнецов, И.Бадай, барималч Ц.Доржсүрэн, Т.Зулзага, зураач Я.Үржнээ, Б.Доржханд
Хэнд, ямар үйл явдалд зориулсан:
Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтаж БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнол, хувьсгалт ололт амжилтыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалсан удаа дараагийн байлдаанд алтан амиа өргөсөн зөвлөлтийн эрэлхэг дайчдын дурсгалд зориулж болон Монгол-Зөвлөлтийн ард түмний ган бат найрамдлын илэрхийлэл болгож бүтээсэн.
Хөшөөг энэ газарт босгох болсон шалтгаан:
Монголчууд эртнээс хамгийн хүндтэй байгууламж, тухайлбал овоо мэтийг өндөрлөг газар босгож, амьдралын бэлэг тэмдэг гэж үзсээр ирсэн уламжлалын дагуу Богдхан уулын арын Зайсан толгой дээр босгосон.
Онцлог:
Уулын орой дээр босгосон хөшөө цогцолбор бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий төрхийг хардаг гол газар.
Хамгаалалтын зэрэглэл:
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Хадгалалт, хамгаалалт:
2014 онд цогцолборын зарим хэсгийг сэргээн засварлаж, будсан.

Дурсгалын шинж байдал, иж бүрдлийн тодорхойлолт:

Хөшөөний иж бүрдэл:
Хөшөө цогцолбор нь Зайсан толгойн ар бэл дэх уужим талбай, БНМАУ, ЗСБНХУ-ын ард түмний найрамдлын билиг тэмдэг болсон сүрлэг том соёмбо, алх хадуур, хөшөөнд очих явган ба машин зам, авто зогсоол, Зайсан толгойн орой дээрх Зөвлөлтийн дайчин эрийн сүрлэг хөшөө, тулгыг бэлгэдэж хийсэн дугуй цагираг, түүний дундах мөнх галыг бэлгэдсэн цөгц, цуглааны талбай зэргээс бүрддэг.
Загвар, хийц, дүрслэл:
Хөшөөний цогцолбор нь Зайсан толгойн ар бэл дэх уужим талбай, БНМАУ, ЗСБНХУ-ын ард түмний найрамдлын билиг тэмдэг болсон сүрлэг том соёмбо, алх хадуураас эхэлдэг. Талбайн ханан дээр “Энд зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхөлж, Газарт галтай цуг дархлав” гэж алтан үсгээр бичжээ. Эндээс Зөвлөлтийн дайчдын хөшөө өөд 612 гишгүүр бүхий 300 метр урт шат тавьж, зорчигчдын сууж амрах сандал, автомашины зогсоолын талбай засчээ. Мөн доод талбайгаас Зайсан толгойн дунд хүртэл 680 метр урт 9 градусын налуутай асфальтан хучилттай авто зам тавьсан байна.
Зайсан толгой дээрх хөшөө нь Зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалыг үүрд мөнхжүүлэх зорилгоор монголчуудын эрт үеэс эхлэн төр улсынхаа тусгаар тогтнол, өрх гэрийнхээ гал голомтын билиг тэмдэг болгож ирсэн ган бат тулгыг ургаа хадны гурван чулуун дээр суурилуулж, баруун гартаа ялалтын туг өргөж, зүүн гартаа автомат буу барин зогссон Улаан армийн дайчин эрийн 27 метр сүрлэг өндөр босоо дүрийг өмнө талд нь байрлуулжээ. Түүний дэргэд “Алтан амь тань бидэнд бий, алдар гавьяа тань амьдралд бий” гэсэн бичээс бүхий ёслолын талбайд Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг, ах дүү хоёр орны харийн дайсны эсрэг тэмцэж байсан Толбо нуур, Халхын гол болон зөвлөлтийн Эх орны дайны баатар хотуудаас авчирсан хөрс шорооны дээжийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.
Хөшөөний гол хэсэг болох монгол үндэсний тулгыг бэлгэдсэн 22 метр голчтой, 3.2 метр өндөр дугуй ханын гадна талаар БНМАУ, ЗСБНХУ-ын алдар гавьяаны одонгуудыг товойлгон сийлж, үндэсний хээ угалзаар чимжээ. Ханын дотор талд ах дүү хоёр армийн түүхэн замнал, 1921, 1939, 1945 онд гамин, цагаантан, Япон, Гитлерийн Германы түрэмгийлэгчдийг бут цохисон ялалт болон манай хоёр орны найрамдал, нөхөрлөлийг өнгөт чулуун шигтгэмэл (мозайк)-ээр дүрслэн харуулжээ. Дугуй ханын төв дунд монгол үндэсний давхар алхан хээгээр тасамдан чимэглэсэн улаан боржин чулуун цөгц байрлуулж, мөнх гал бадраажээ.
Хэмжээ:
Цагираган ханын хоорондох зай: 18.6 метр
Цагираган ханын дотор талын мозайктай хэсгийн өндөр: 3.3 метр
Ханын нийт өндөр: 4.4 метр
Цагираган ханын зузаан: 70 см
Цагираган ханын доод хэсгээс суурь хүртэл: 2.53 метр Зөвлөлтийн дайчин эрийн хөшөөний өндөр: 27 метр
Байршил:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжны зүүн талд, Зайсан толгойн ар болон дээд хэсэгт байдаг.
Солбилцол:
N47 53 3.6, E106 54 55.8
Хотын төв цэгээс аль зүгт, хэр зайтай:
Улаанбаатар хотын төв, тэг цэгээс урагш 5 км

Дурсгалтай холбоотой бусад мэдээлэл

Дурсгалын дэргэд ямар арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдал болдог вэ?
V/09 Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын энэ өдөр хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болдог.
Дурсгалын ойролцоо өөр ямар дурсгалуудыг үзэх боломжтой вэ?
Зайсан толгойн арын талбайд – Танктай хөшөө
Баруун хойд талд 300 метр зайд – Бурхан багшийн сэрэг дүр
Баруун талд 400 метр зайд – Соёмбот толгой
Зүүн талд 500 метр зайд – Чингис хааны хөрөгтэй толгой
Дурсгалын орчимд үзвэр, үйлчилгээний ямар газрууд байдаг вэ?
Баруун хойд талд, Зайсангийн гудамжны баруун талд – Богд хааны ордон музей
Баруун хойд талд – ХААИС