Гандантэгчинлэн хийдийн цогцолбор

Товч түүх:
Гандантэгчилэн хийд (Төгс баясгалант их хүлгэн хийд)-ийн анхны сүмийг 1809 онд Талхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулж, дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгожээ. 1824 онд Ламрим дуган, 1838 онд тавдугаар Богд Жавзундамба хутагтад зориулж Гандантэгчилэн буюу “Их хот мандлын сүм”, Дашчойнхор, Ядгайчойлин зэргийг байгуулжээ. Цаашид хийдийг улам өргөжүүлж 1839 онд Цогчин дуган, 1844 онд Бадмаёго, 1848 онд Жүдийн сүм, 1909 онд Гунгаачойлин, 1913 онд наймдугаар Богд Жавзундамба хутагтад зориулж Мэгжид Жанрайсэгийн сүмийг байгуулжээ. Мөн 1841 онд тавдугаар Богдын шарилын сүм, 1869 онд долдугаар Богдын шарилын сүм, 1925 онд наймдугаар Богдын шарилын сүмийг барьжээ. Хийдийн хойд талд 20 суварга байв. Талхын дэнж дээр Гандантэгчилэн хийдийг байгуулсан цагаас хойш тус дэнжийг Гандангийн дэнж хэмээн нэрлэх болжээ. 1938 онд хийдийн үйл ажиллагаа зогссон боловч 1944 оноос хурал номын ажлыг сэргээсэн байна.
Өдгөө тус хийдээс зургаан сүм хадгалагдан үлдсэн бөгөөд бусад сүмийг хожим сэргээн барьсан байна.

Хамгаалалтын зэрэглэл:
Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтанд авсан.

Байршил:
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Өндөр гэгээн Занабазарын гудамжны хойд талын төгсгөлд, Гандангийн дэнжид байрладаг. Улаанбаатар хотын төв цэгээс баруун тийш 3 км зайтай.

Солбилцол:
N47 55 23,  E106 53 41.9

Онцлог:
Монголын бурхны шашны төв хийд