“Сайн байна уу Улаанбаатар минь” фэйсбүүк хуудас нээгдлээ.

Цахим ертөнцөөр учран золгож буй Та бүхэнд өнөөгийн Улаанбаатар хотыг Монгол улсын нийслэлээр тунхагласны 102 жилийн өдрийн мэнд хүргэе.

Олноо Өргөгдсөний тэргүүн оны өвлийн сүүл сарын хоринд буюу 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамнаас Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн бичиж явбаас нийлэлцэх, үл нийлэлцэхийг айлтгасан айлтгалыг Богд хаанд өргөн барихад Зарлиг гуйсан ёсоор болгогтун хэмээжээ. Ийнхүү өдгөөгөөс 102 жилийн тэртээ монгол төрийн гал голомт Их хүрээ нь VIII Богд Жавзундамба хутагтын зарлигаар Нийслэл хүрээ хэмээх нэрийг авч, Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Нийслэлээр тунхаглагдсан түүхтэй.

Чухам энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын түүхийг сонирхогч Та бүхэнд зориулан “Сайн байна уу Улаанбаатар минь” фэйсбүүк хуудсыг Улаанбаатар хотын музейгээс санаачлан нээж байна.

Энэхүү хуудсаар дамжуулан Улаанбаатар хотын түүхийн мэдлэг, мэдээллийг авах төдийгүй хотын эрт, эдүгээгийн аж байдал, ахуй амьдралыг илэрхийлэх эд өлгийн дурсгалыг олж илрүүлэхэд та бүхэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

https://www.facebook.com/HelloUlaanbaatar